102 дугаар зүйл. Ерөнхий сайдад тодорхой асуудлаар итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх
102.1.Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. /Энэ хэсгийн "… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш ..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./ /Энэ хэсгийн "… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш ..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
102.2.Холбогдох Байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна.
102.3.Энэ хуулийн 102.1-д заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолын төслийг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, энэ тухай тогтоол баталсанд тооцно.
102.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
102.5.Нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргасан бол 5 минутад багтаан нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
102.6.Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд үг хэлж болно.
102.7.Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг баталсантай холбогдуулан шаардлагатай бол уг тогтоолд нийцүүлэн зохих хууль, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал энэ хуульд заасан журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ.