11 дугаар зүйл. Мэтгэлцээн явуулах ерөнхий журам

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Мэтгэлцээн явуулах ерөнхий журам

11.1.Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21.21-д заасны дагуу хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үе шатанд мэтгэлцээн явуулах тохиолдолд энэ зүйлд заасан нийтлэг журмыг баримтална.

11.2.Мэтгэлцээн явуулах талаар нам, эвслийн бүлгээс ирүүлсэн санал, дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Байнгын хороо хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн дараах үе шатанд мэтгэлцээн явуулна:

11.2.1.хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх үе шатанд төслийн үзэл баримтлалын хүрээнд;

11.2.2.хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үе шатанд төслийн тодорхой зүйл, хэсэг, заалтын талаар энэ хуулийн 39.14-т заасны дагуу ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хүрээнд.

11.3.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21.20-д заасны дагуу нам, эвслийн бүлгээс нэгдсэн хуралдаанаар төслийн талаар мэтгэлцээн явуулах шаардлагатай гэсэн санал, дүгнэлт гаргасан бол нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх үе шатанд төслийн үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцээн явуулж болно.

11.4.Энэ хуулийн 11.2, 11.3-т заасан тохиолдолд тухайн нам, эвслийн бүлгийг төлөөлж мэтгэлцээнд илтгэх гишүүнийг тухайн нам, эвслийн бүлэг томилж, нэрийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид ирүүлсэн байна.

11.5.Илтгэгч гишүүн мэтгэлцэх шаардлага, үндэслэлээ 10 минутад багтаан танилцуулж, нам, эвслийн бүлгийн байр суурийг илтгэнэ.

11.6.Мэтгэлцээнд гишүүд, хууль санаачлагчаас гадна тухайн салбарын эрдэмтэн, судлаачдыг байлцуулж болох ба гишүүд, хууль санаачлагч, бусад оролцогч баримт, нотолгоонд суурилсан, үнэн, бодитой мэдээлэлд тулгуурлаж асуулт асууж, хариулт өгч оролцоно.

11.7.Хуралдаан даргалагч мэтгэлцээний үргэлжлэх хугацааг тухайн хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслийн цар хүрээнээс хамаарч 2 цагаас илүүгүй байхаар тогтоох бөгөөд гишүүдэд саналаа чөлөөтэй илэрхийлэх, хууль санаачлагч болон илтгэгч гишүүнээс асуулт асуух боломж олгоно. Шаардлагатай тохиолдолд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар мэтгэлцээнийг 1 хүртэлх цагаар сунгаж болно. Мэтгэлцээн дуусмагц хуралдаан ердийн дэгээр үргэлжилнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.