10 дугаар зүйл. Санал хураалт явуулах ерөнхий журам
10.1.Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг ил санал хураалтаар шийдвэрлэнэ. Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар санал хураалтыг нууцаар явуулна.
10.2.Ил санал хураалтыг цахимаар, эсхүл гар өргөж, нууц санал хураалтыг цахимаар, эсхүл санал хураах хуудсаар явуулна.
10.3.Санал хураалтыг цахимаар явуулахад биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхжих цахим систем ашиглана.
10.4.Ил санал хураалтыг явуулахад техникийн гэмтэл, саатал гарсан зэрэг санал хураалтын систем ажиллахгүй болсон тохиолдолд санал хураалтыг гар өргөж явуулна.
10.5.Гар өргөж явуулсан ил санал хураалтын дүнг хуралдаан даргалагч нэгтгэн зарлана.
10.6.Нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулах бол гишүүдээс бүрдсэн тооллогын комисс байгуулна. Нууц санал хураалт явуулах, дүнг гаргах журмыг тооллогын комисс боловсруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална.
10.7.Нууц санал хураалтыг цахимаар явуулахад санал өгсөн гишүүдийн нэрс хуралдааны цахим системд хадгалагдахгүй.
10.8.Гишүүн санал хураалтад оролцохдоо "зөвшөөрсөн", эсхүл "татгалзсан" саналын аль нэгийг өгнө.
10.9.Санал хураалт явуулах үед гишүүн санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусад гишүүнд шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглоно.
10.10.Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ тухай хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж санал хураалтад оролцохгүй.
10.11.Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 7.5-д заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд оруулж тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно.
10.12.Хуралдаан даргалагч тухайн асуудлаар санал хураалт явуулах цагийг тухай бүрд нь урьдчилан зарлаж болно.
10.13.Нууц санал хураалт явуулахад энэ хуулийн 10.11 дэх хэсэг хамаарахгүй.