9 дугаар зүйл. Хуралдаанд асуулт асуух, үг хэлэх журам
9.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21.22, 21.23-т зааснаар хууль, тогтоолын төслийн төрөл, онцлогийг харгалзан тухайн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хугацааг хэлэлцүүлгийн үе шат бүрээр Зөвлөл тогтоох ба нэгдсэн хуралдаанд асуулт асуух нийт хугацааг Улсын Их Хуралд авсан суудлын тооны харьцааг харгалзан тухайн нам, эвслийн бүлэгт болон нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүдэд хувь тэнцүүлэн хуваарилна.
9.2.Тухайн нам, эвслийн бүлэг хуваарилагдсан хугацаанд багтаан асуулт асуух гишүүдийн нэрсийг нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн байна.
9.3.Аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүн энэ хуулийн 9.2-т заасан журмын дагуу хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух эсэхээ урьдчилан мэдэгдэнэ.
9.4.Энэ хуулийн 9.1, 9.2, 9.3-т заасан журам нь энэ хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан хууль, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд хамаарна.
9.5.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол гишүүн Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд асуулт асуухдаа дараах журмыг баримтална:
9.5.1.гишүүний асуулт асуух хугацаа 3 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах;
9.5.2.хуралдаан даргалагч зөвшөөрөл өгөөгүй байхад асуулт асуухгүй байх.
9.6.Гишүүний асуултад хариулах хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт тайлбар өгөх хугацаа 2 хүртэл удаа тус бүр 1 минутаас илүүгүй байна.
9.7.Гишүүн хуралдаанд байр сууриа илэрхийлж үг хэлэх /цаашид "үг хэлэх" гэх/ хугацаа 4 минутаас илүүгүй байна.
9.8.Тодорхой асуудлыг хэлэлцэхэд энэ хуулийн 9.5.1, 9.6, 9.7-д зааснаас өөр хугацаа заасан бол тусгайлан заасан хугацааг баримтална.
9.9.Хуралдаан даргалагч урьдчилан мэдэгдэж, дараалалд орсон гишүүдийн нэрсийн дагуу асуулт асуух, үг хэлэх зөвшөөрөл өгөх ба асуулт асуух, үг хэлэх гишүүдийн нэрс ирцэд бүртгэгдсэн дарааллаар эрэмбэлэгдэнэ. Хуралдаан даргалагч зөвшөөрөл өгөхийн өмнө энэ зүйлд заасан журмыг баримтлахыг сануулна.
9.10.Гишүүн зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хуралдаанд өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлж үг хэлнэ.
9.11.Гишүүн асуулт асуух, үг хэлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, гүтгэхийг хориглоно.
9.12.Гишүүн үнэн, бодитой, судалгаанд суурилсан мэдээлэлд тулгуурлаж үг хэлнэ.
9.13.Гишүүн асуулт асуух, үг хэлэх эрхээ бусад гишүүнд шилжүүлэхгүй.
9.14.Хууль, тогтоолын төсөл хэлэлцэхэд гишүүний асуултад хууль санаачлагч хариулж тайлбар хийнэ.
9.15.Хууль, тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон, түүнчлэн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдон уригдаж ирсэн хүн хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр тайлбар хийж, асуултад хариулна.
9.16.Тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад товч, тодорхой хариулах үүрэгтэй бөгөөд гишүүн хариултыг хангалтгүй, эргэлзээтэй гэж үзвэл тухайн асуултын хариуг 2 хоногийн дотор бичгээр өгөхийг шаардах эрхтэй.
9.17.Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл, санал, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Улсын төсвийн төсөл, тэдгээрийн биелэлт, гүйцэтгэлийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд болон энэ хуульд хэлэлцэх дэгийг тусгайлан зохицуулсан бусад асуудлыг хэлэлцэх үед гишүүн бүр асуулт асууж, үг хэлэх эрхтэй. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./