8 дугаар зүйл. Нээлттэй, хаалттай хуралдаан
8.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдааныг нээлттэй зохион байгуулна.
8.2.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21.2-т заасан асуудлыг нууцын горимоор хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ.
8.3.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21.3-т заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно.
8.4.Энэ хуулийн 8.2-т заасан хаалттай хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, тухайн асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүн болон холбогдох төрийн бусад байгууллагын дарга, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга /цаашид "Ерөнхий нарийн бичгийн дарга" гэх/, Тамгын газрын нууцын асуудал хариуцсан ажилтан, түүнчлэн тухайн асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг оролцуулж болно.
8.5.Шаардлагатай бол энэ хуулийн 8.4-т зааснаас бусад хүнийг хаалттай хуралдаанд оролцуулж болох бөгөөд тэднээр нууц задруулахгүй байх баталгааг урьдчилан гаргуулна.
8.6.Хаалттай хуралдаанд дуу, дүрсний бичлэг хийх, гар утас, бусад хөдөлгөөнт төхөөрөмж авч орох, утсаар ярихыг хориглоно.
8.7.Хаалттай хуралдааны тэмдэглэлийг төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжид заасны дагуу хөтөлнө.
8.8.Энэ хуулийн 8.3-т заасан хаалттай хуралдааныг зохион байгуулахад энэ хуулийн 8.4, 8.5, 8.6, 8.7-д заасан журам үл хамаарна.
8.9.Энэ хуулийн 8.3-т заасан хаалттай хуралдаанд асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Тамгын газрын ажилтан оролцож болох бөгөөд хуралдааны явцыг энэ хуулийн 135.1-д заасны дагуу тэмдэглэнэ.