7 дугаар зүйл. Хуралдааны ирц
7.1.Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.
7.2.Улсын Их Хурлын гишүүн хуралдаан эхлэх цагаас өмнө суудлаа эзэлсэн байна.
7.3.Гишүүн өвчтэй буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, зөвлөгөөнд зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй бол хуралдаан тасалсанд тооцно.
7.4.Гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй бол хуралдаан даргалагчид энэ хуулийн 7.3-т заасан шалтгаан, үндэслэлээ бичгээр урьдчилан мэдэгдэнэ.
7.5.Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар нам, эвслийн бүлэг, гишүүн хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно.
7.6.Хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанаас түр гарах тохиолдолд хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авна.
7.7.Гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэхдээ биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхжих цахим систем ашиглана.
7.8.Хуралдаан даргалагч хуралдааны ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр дараах дарааллаар танилцуулна:
7.8.1.хүрэлцэн ирсэн гишүүн;
7.8.2.хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд ирээгүй гишүүн, түүний шалтгаан, үндэслэл;
7.8.3.хуралдаан тасалсан гишүүн.
7.9.Нэгдсэн хуралдаанаар асуудал хэлэлцэхэд холбогдох Байнгын хорооны дарга, эсхүл түүнийг орлож байгаа гишүүн хуралдаанд заавал оролцоно.