6 дугаар зүйл. Хуралдааны тов, дараалал тогтооход баримтлах журам
6.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Ийнхүү хэлэлцээгүй асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахгүй.
6.2.Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно.
6.3.Ажлын зайлшгүй шаардлага гарвал Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдааныг энэ хуулийн 6.2-т зааснаас бусад ажлын өдөр зарлан хуралдуулж болно.
6.4.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нам, эвслийн бүлгийн хуралдааныг долоо хоногийн Даваа гарагт, Байнгын, дэд, хянан шалгах түр хороодын хуралдааныг Мягмар, Лхагва гарагт, шаардлагатай бол энэ хуулийн 6.3-т заасныг баримтлан бусад ажлын өдөрт зохион байгуулж болно.
6.5.Байнгын хорооны хуралдааны санал хураалтыг бусад Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны санал хураалттай давхцуулахгүйгээр зохион байгуулна.
6.6.Тухайн долоо хоногт нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг энэ хуулийн 5.4, 5.5-д заасан хэлэлцэх асуудлын дарааллыг баримталж, Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга батална.
6.7.Энэ хуулийн 6.6-д заасан хэлэлцэх асуудлын тов, дарааллыг Улсын Их Хурлын нийт гишүүдэд харилцаа холбооны хэрэгсэл ашиглан мэдэгдэж, Улсын Их Хурлын цахим хуудсанд нийтэлнэ.
6.8.Нам, эвслийн бүлэг энэ хуулийн 6.6-д заасныг харгалзан тухайн долоо хоногийн хуралдааны хэлэлцэх асуудал, дарааллыг өөрөө тогтооно.
6.9.Нам, эвслийн бүлэг энэ хуулийн 6.6-д заасан нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэлээ тодорхой бичиж ирүүлнэ.
6.10.Хуралдаан даргалагч тухайн өдрийн хуралдааныг нээж, хэлэлцэх асуудалтай холбоотой нам, эвслийн бүлгээс ирүүлсэн горимын саналыг уншиж танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Энэ талаар хэлэлцүүлэг явуулахгүй.
6.11.Төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд гишүүд оролцох, хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан нам, эвслийн бүлэгт саналаа зөвшилцөх боломж олгох зорилгоор хуралдаан даргалагч нэгдсэн хуралдааны эхлэх цагийг энэ хуулийн 6.2-т зааснаас өөрөөр тогтоож болно.