5 дугаар зүйл. Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, түүний дарааллыг тогтоох журам
5.1.Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг оруулна.
5.2.Нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд хороо, хууль санаачлагч дараагийн ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын талаарх саналаа чуулган хаахаас ажлын 10 өдрийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн байна.
5.3.Нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд хороо, хууль санаачлагч энэ хуулийн 5.2-т заасан хугацаанд санал ирүүлээгүй бол ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын талаар тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ.
5.4.Төрийн байгуулалтын байнгын хороо дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд хороо, хууль санаачлагчийн саналыг нэгтгэн Зөвлөлд танилцуулах бөгөөд Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл /цаашид "тогтоолын төсөл" гэх/-ийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийг батална.
5.5.Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан Улсын Их Хурлын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийн хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн санал, өргөн мэдүүлсэн дарааллыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар батална.
5.6.Энэ хуулийн 5.5-д заасан дарааллыг үндэслэн хэлэлцэх асуудлын цаглаврыг Байнгын хороод баталж, мөрдүүлнэ.
5.7.Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.
5.8.Хэлэлцэн шийдвэрлэх хугацааг нь хуульд тусгайлан заасан асуудлыг Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жилийн хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлээгүй бол шинээр бүрдсэн Улсын Их Хурал тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно. /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./