111 дугаар зүйл. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам
111.1.Хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол тухайн саналыг 72 цагийн дотор Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлнэ. Холбогдох Байнгын хороо ийнхүү хүргүүлснээс хойш ажлын 3 өдрийн дараа тухайн саналыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Хуульд заасны дагуу, эсхүл гишүүдийн саналаар нэр дэвшигчийн сонсгол явуулсан бол сонсголын тайлан гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлтдээ тухайн тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.
111.2.Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
111.3.Томилогдох нэр дэвшигч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол эрх бүхий албан тушаалтан өөр хүнийг нэр дэвшүүлэхээр санал болгох бөгөөд чөлөөлөх саналыг дэмжээгүй бол уг саналыг дахин оруулж болно.
111.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд эрх бүхий албан тушаалтны санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.
111.5.Хуульд заасны дагуу албан тушаалд томилуулах саналыг Улсын Их Хурал, Байнгын хороо, Улсын Их Хурлын дарга гаргах, нэр дэвшүүлэх бол холбогдох хуульд заасан журам, шаардлага, шалгуурыг үндэслэнэ.
111.6.Байнгын хороо хуульд заасны дагуу албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхдээ гишүүдээс санал болгосон нэр дэвшигч нэг бүрээр санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшүүлэхийг дэмжсэнд тооцно.
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГА, ГИШҮҮНИЙ АСУУЛГА, АСУУЛТЫН ХАРИУГ СОНСОХ /Энэ бүлгийн гарчигт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./