112 дугаар зүйл. Улсын Их Хурлын асуулгын цаг /Энэ зүйлийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
112.1.Ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан гишүүдээс Ерөнхий сайдад хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар асуулт тавих Улсын Их Хурлын асуулгын цаг байна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
112.2.Гишүүд Ерөнхий сайдад тавих асуултаа асуулга болохоос 7 хоногийн өмнө Улсын Их Хурлын даргад бичгээр хүргүүлэх бөгөөд ирүүлсэн асуултыг нэгтгэн Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдад ажлын 2 өдрийн дотор хүргүүлж, асуултыг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
112.3.Улсын Их Хурлын асуулга, түүнд өгөх Ерөнхий сайдын хариултыг Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэхгүй. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
112.4.Улсын Их Хурлын асуулгын цагт Ерөнхий сайд өөрөө биечлэн хариулт өгөх бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох Засгийн газрын гишүүн нэмэлт хариулт өгч болно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
112.5.Улсын Их Хурлын асуулгын нийт хугацаа 2 цагаас хэтрэхгүй. Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авах хугацаа цөөнхийн бүлэгт 75 минутаас, олонхын бүлэгт 15 минутаас, цөөнхийн гишүүдэд 30 минутаас хэтрэхгүй байна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
112.6.Цөөнхийн бүлэгт оногдсон хугацааны хоёрны нэг хүртэлх хугацааг тухайн бүлгийн дарга, эсхүл бүлгээс томилогдсон гишүүний цуварсан асуултаар эхлүүлж мэтгэлцүүлнэ. Үлдсэн хугацаанд цөөнхийн бүлгийн бусад гишүүн асуулт асууж, хариулт авна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
112.7.Энэ хуулийн 112.6-д заасан бүлгийн цуварсан асуултын тоог 9-өөс хэтрүүлэхгүй байна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
112.8.Ерөнхий сайдаас асуулт асуух, үг хэлэх хугацаа 2 минутаас хэтрэхгүй байх бөгөөд 1 удаа 1 минутаас хэтрэхгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, үг хэлж болно. Хариулт өгөх хугацаа 2 минутаас хэтрэхгүй байх бөгөөд нэмэлт тайлбар өгөх хугацаа 1 удаа 1 минутаас хэтрэхгүй байна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
112.9.Асуулт, хариултыг тусгайлан бэлтгэсэн индрээс асууж, хариулна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
112.10.Цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлаар Ерөнхий сайд Улсын Их Хуралд мэдээлэл хийх шаардлагатай гэж үзвэл энэ зүйлд зааснаас өөр цаг, өдөрт хийж болно. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүн асуулт асуух, үг хэлэхэд энэ хуулийн 9.17-д заасныг баримтална. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./