113 дугаар зүйл. Гишүүний асуулгын хариуг хэлэлцэх
113.1.Гишүүн Байнгын хорооны хуралдаанаар асуулгын хариуг хэлэлцүүлэхээр бичгээр саналаа ирүүлснээс хойш 10 хоногийн дотор Байнгын хороо хуралдаанаар хэлэлцүүлэх бөгөөд дараах журмыг баримтална:
113.1.1.Байнгын хорооны хуралдаанд асуулгын хариуг холбогдох албан тушаалтан 3 минутаас илүүгүй хугацаанд танилцуулах бөгөөд гишүүд 3 минутаас илүүгүй хугацаанд асуулт асуух;
113.1.2.холбогдох албан тушаалтан асуултад хариулсны дараа асуулга тавьсан гишүүн 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх, асуулгатай холбоотой өөр асуулт асуух.
113.2.Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуулгын хариуг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно.
113.3.Гишүүний асуулгын хариуг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд дараах журмыг баримтална:
113.3.1.Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх тов, дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан тогтоох;
113.3.2.асуулгын хариуг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд тухайн асуудлыг хариуцан хэлэлцүүлэх Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд Улсын Их Хурлын даргад урьдчилан мэдэгдэх;
113.3.3.нэгдсэн хуралдаанд асуулгын хариуг холбогдох албан тушаалтан 5 минутаас илүүгүй хугацаанд танилцуулах ба гишүүд асуулгын хариутай холбогдуулж асуулт асуух хугацаа 3 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах, түүнд хариулах хугацаа 1 минутаас илүүгүй байх;
113.3.4.асуулгад хариулт өгсний дараа асуулга тавьсан гишүүн нэг удаа 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх.
113.4.Асуулгын хариуг ээлжит чуулганы үеэр сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Баасан гарагийн үдээс өмнөх хуралдаанд хэлэлцэж болно.
113.5.Гишүүний тавьсан асуулгын хариуг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед ижил сэдвийн хүрээнд тавигдсан бусад асуулгын хариуг нэгтгэн хэлэлцүүлж болно.
113.6.Нэгдсэн хуралдаан асуулгын хариуг хэлэлцээд Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргах шаардлагатай гэж үзвэл холбогдох Байнгын хороонд энэ талаар чиглэл өгнө.
113.7.Холбогдох Байнгын хороо энэ хуулийн 113.6-д зааснаар нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу хууль, тогтоолын төсөл боловсруулж, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулна.