118 дугаар зүйл. Урт хугацааны бодлогын баримт бичиг болон Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын болон гүйцэтгэлийн тайлан хэлэлцэх
118.1.Улсын Их Хурал Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг урт хугацааны бодлогын баримт бичгийн явцын тайлантай нэгтгэн хуульд заасан хугацаанд хянан хэлэлцэнэ.
118.2.Урт хугацааны бодлогын баримт бичгийн гүйцэтгэлийн тайланг Улсын Их Хурал хуульд заасан хугацаанд хянан хэлэлцэнэ.
118.3.Тамгын газар энэ хуулийн 118.1, 118.2-т заасан тайланд дүн шинжилгээ хийж, тайланг хэлэлцэж эхлэхээс ажлын 15 өдрийн өмнө Улсын Их Хурлын гишүүдэд тараана.
118.4.Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг холбогдох Байнгын хороо хэлэлцэнэ. Энэ хуулийн 118.2-т заасан тайланг хэлэлцэх үндсэн Байнгын хороо нь Төрийн байгуулалтын байнгын хороо байх бөгөөд бусад Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэн санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.
118.5.Ерөнхий сайд, эсхүл үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Байнгын хороод болон нэгдсэн хуралдаанд энэ хуулийн 118.1, 118.2-т заасан тайланг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 19.3, 20.3-т заасан зарчмын дагуу танилцуулна.
118.6.Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 19.7, 20.7-д заасан аудитын тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулна.
118.7.Нам, эвслийн бүлэг энэ хуулийн 118.1, 118.2-т заасан тайланг хэлэлцсэн бол санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлж, нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
118.8.Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд гишүүд энэ хуулийн 118.5-д заасан танилцуулга, аудитын тайлантай холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
118.9.Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 118.1, 118.2-т заасан тайланг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 19.10, 20.12-т заасан асуудлаар тогтоол батлах шаардлагатай гэж үзвэл энэ талаар холбогдох Байнгын хороонд чиглэл өгнө. Холбогдох Байнгын хороо нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу уг тогтоолын төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулна.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТЫН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ