119 дугаар зүйл. Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх
119.1.Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах хүсэлтийг доор дурдсаны дагуу бичгээр гаргах бөгөөд түүнд нийтийн сонсгол /цаашид "сонсгол" гэх/ зохион байгуулах үндэслэл, шаардлагыг тодорхой тусгана:
119.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлтээ Улсын Их Хуралд;
119.1.2.Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн, эсхүл цөөнхийн бүлэг хүсэлтээ Улсын Их Хурлын даргад;
119.1.3.Байнгын, дэд хорооны нийт гишүүний олонх хүсэлтээ Байнгын, дэд хорооны даргад.
119.2.Энэ хуулийн 119.1-д заасны дагуу хүсэлт гаргасан бол тухайн сонсголыг холбогдох Байнгын, дэд хороо зохион байгуулна.
119.3.Байнгын, дэд хороо өөрөө санаачлан сонсгол явуулахаар хуульд тусгайлан заасан асуудлаар тухайн Байнгын, дэд хорооны гишүүн хүсэлт гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн бол тухайн сонсголыг явуулна.
119.4.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 27.3, 29.2.4-т заасан иргэн, хуулийн этгээдийн бичгээр гаргасан хүсэлтийг холбогдох Байнгын, дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол хяналтын сонсголыг явуулна. Хэрэв сонсголзохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн бол үндэслэл бүхий хариуг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд ажлын 3 өдрийн дотор бичгээр өгнө.
119.5.Энэ хуулийн 129.1-д зааснаас бусад тохиолдолд нэг асуудлаар сонсгол явуулахаар хэд хэдэн хүсэлт гарсан бол тухайн сонсголыг нэгтгэн явуулж болно.
119.6.Улсын Их Хурлын хяналтын сонсголыг явуулснаас хойш нэг жилийн дотор тухайн асуудлаар дахин сонсгол явуулахгүй.