125 дугаар зүйл. Сонсгол даргалагчийн эрх, үүрэг

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

125 дугаар зүйл. Сонсгол даргалагчийн эрх, үүрэг

125.1.Сонсгол даргалагч сонсголыг хуульд заасны дагуу удирдан зохион байгуулах, сонсголын асуудлыг тал бүрээс нь үнэн бодитойгоор тогтоох, сонсголд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, оролцогчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, сонсголын дэг сахиулах үүрэгтэй.

125.2.Сонсгол даргалагч дараах нийтлэг эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

125.2.1.сонсголын бэлтгэлийг хангах;

125.2.2.сонсголыг товлосон цагт эхлүүлж, дэгийн дагуу явуулах;

125.2.3.сонсголд оролцож байгаа этгээдэд асуулт асуух, үг хэлэх зөвшөөрөл өгөх;

125.2.4.сонсголын тайланг хянаж, эрх бүхий этгээдэд танилцуулах;

125.2.5.хүндэтгэн үзэх шалтгаантай оролцогчид чөлөө өгөх;

125.2.6.сонсголын дэг сахиулах, оролцогчоос дэг сахихыг шаардах;

125.2.7.сонсголын дэг зөрчигчид холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээ авах;

125.2.8.сонсголын асуулт, хариулт, тайлбар, санал, мэдээлэл нь сонсголын сэдэвт хамааралгүй, ялгаварлан гадуурхсан, доромжилсон үг хэллэг хэрэглэсэн бол таслан зогсоох;

125.2.9.сонсголын дэг зөрчсөн, эсхүл энэ хуулийн 124.3-т заасан үйлдэл гаргасан оролцогчид сануулах, зайлшгүй шаардлагатай бол үг хэлэх эрхийг нь хасах;

125.2.10.сонсголын тогтсон сэдвээс өөр сэдвийг хөндсөн тохиолдолд сануулга өгөх;

125.2.11.сонсголын үйл ажиллагаанд саад учруулсан этгээдийг танхимаас гаргах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.