126 дугаар зүйл. Сонсгол явуулах журам
126.1.Сонсголыг дараах журмаар явуулна:
126.1.1.сонсгол даргалагч сонсголын зорилго, ирц, дэгийг танилцуулах;
126.1.2.сонсгол даргалагч оролцогчийн санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах, асуулт асуух дарааллыг тогтоох;
126.1.3.сонсголд дуудаж ирүүлсэн албан тушаалтан нь тухайн сэдвээр мэдээлэл өгөх эрх бүхий албан тушаалтан мөн эсэх талаар тодруулга авах;
126.1.4.оролцогчийн санал, мэдээлэл, дүгнэлтээ танилцуулах хугацаа 10 минутаас илүүгүй байх;
126.1.5.гишүүн оролцогчоос асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно;
126.1.6.гишүүн оролцогчоос асуулт асууж, хариулт авч дууссаны дараа 5 минутад багтаан үг хэлж болно;
126.1.7.сонсгол даргалагч сонсож байгаа асуудалтай холбогдуулан бичгээр ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийн агуулгыг уншиж танилцуулан сонсголын тэмдэглэлд тусгуулна;
126.1.8.сонсгол даргалагч болон гишүүн бусдыг ялгаварлан гадуурхах, доромжлох зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.
126.2.Энэ хуулийн 126.1.5, 126.1.6-д заасан үйл ажиллагаанд олонх, цөөнхийн төлөөлөлд ээлжлэн асуулт асуух, үг хэлэх боломж олгоно.
126.3.Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч сонсголын үеэр сонсгол даргалагч, гишүүн, бусад оролцогчоос асуулт асуухгүй.
126.4.Улсын Их Хурлын хяналтын сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно.
126.5.Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.