131 дугаар зүйл. Нэр дэвшигчийн сонсголын бэлтгэл хангах
131.1.Байнгын хороо энэ хуулийн 130.1, 130.2-т заасан ажиллагааг явуулснаас хойш 14-өөс доошгүй хоногийн хугацаанд нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг цахимаар, эсхүл шуудангаар хүлээн авах бөгөөд нэр, хаяггүй асуулт, саналыг бүртгэхгүй. Асуулт, санал хүлээн авах хугацааг Байнгын хороо тогтоох шаардлагатай бол тухайн сонсголын дэгийг боловсруулж, батлах зэрэг сонсголын бэлтгэлийг хангана.
131.2.Сонсголд оролцох, ажиглах иргэн, хуулийн этгээд сонсгол явуулахаас ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө сонсголд оролцох тухай хүсэлтээ Байнгын хороонд бүртгүүлнэ. Сонсголд оролцогчид сонсголын журам, оролцогчийн эрх, үүргийг урьдчилан танилцуулна.
131.3.Сонсголд оролцогч нь нэр дэвшигч тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан, эсхүл хангаагүй тухай санал, мэдээлэл, асуултаа бичгээр гаргаж өгөх эрхтэй бөгөөд энэ нь сонсголд оролцож үг хэлэхэд саад болохгүй.
131.4.Энэ хуулийн 131.2-т заасны дагуу бүртгүүлэх хүсэлтийг цахимаар, эсхүл шуудангаар илгээж болох бөгөөд Байнгын хороо хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар эрэмбэлэн бүртгэж, баталгаажуулна.
131.5.Хэвлэл мэдээллийн байгууллага сонсголд оролцох хүсэлтээ сонсгол явуулахаас ажлын 1-ээс доошгүй өдрийн өмнө цахимаар, эсхүл шуудангаар Байнгын хороонд ирүүлнэ.
131.6.Тухайн чиглэлийн мэргэжилтэн, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, бусад байгууллагын төлөөллийг сонсгол даргалагчийн болон Байнгын хорооны гишүүний урилгаар сонсголд оролцуулж болно.
131.7.Сонсголд оролцож, тодорхой асуудлаар тайлбар, мэдээлэл хийх төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, шинжээчид сонсгол болохоос ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө сонсголын товыг мэдэгдэнэ.
131.8.Байнгын хороо нь нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээч /цаашид "хараат бус шинжээч" гэх/-ийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар томилно.
131.9.Сонгон шалгаруулах ажлын хэсэг нэр дэвшигчийг санал болгосон бол хараат бус шинжээчийг томилохгүй.
131.10.Хараат бус шинжээч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
131.10.1.нэр дэвшигчийн баримт бичиг, олон нийтээс ирүүлсэн саналыг судлах;
131.10.2.нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулах;
131.10.3.энэ хуулийн 131.8-д заасан асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт бичгээр гаргах;
131.10.4.нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ нэр дэвшигчийн сонсгол, Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд танилцуулах.
131.11.Нэр дэвшигчийг санал болгосон этгээд болон бусад байгууллага, албан тушаалтан нэр дэвшигчийн талаарх баримт, мэдээллийг Байнгын хорооны гишүүн, эсхүл хараат бус шинжээчийн хүсэлтийн дагуу гаргаж өгөх үүрэгтэй.