132 дугаар зүйл. Нэр дэвшигчийн сонсгол явуулах
132.1.Сонсгол даргалагч сонсголоор хэлэлцэх асуудал болон сонсгол зарласан он, сар, өдөр, оролцогчдын талаарх танилцуулга болон сонсголын дэгийг 10 минутад багтаан танилцуулна.
132.2.Сонсгол даргалагч, эсхүл Байнгын хорооны гишүүн нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг 10 минутад багтаан танилцуулна.
132.3.Нэр дэвшигч тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа тухайгаа 10 минутад багтаан танилцуулна.
132.4.Хараат бус шинжээчийн дүгнэлтийг, эсхүл сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайланг 20 минутад багтаан сонсоно. Дүгнэлт, тайланг энэ хуулийн 129.1, 129.3-т заасан санал, мэдээллийн хамт Байнгын хорооны гишүүдэд ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө хүргүүлнэ. Сонсгол даргалагч болон Байнгын хорооны гишүүн дүгнэлт, тайлантай холбогдуулан асуулт асууж болно.
132.5.Энэ хуулийн 132.4-т заасан дүгнэлт, тайланг сонссоны дараа сонсголд оролцогчид нэр дэвшигчээс асуулт асууна. Оролцогч 4 минутад багтаан асуух бөгөөд даргалагчийн зөвшөөрлөөр сунгаж болно.
132.6.Энэ хуулийн 132.1, 131.3-т заасны дагуу ирүүлсэн асуулт, саналыг сонсгол даргалагч, эсхүл Байнгын хорооны гишүүн танилцуулж, нэр дэвшигчээс хариулт авна.
132.7.Нэр дэвшигчээс асуулт асуух Байнгын хорооны гишүүдийн дарааллыг тогтоохдоо олонх, цөөнхийн төлөөлөл ээлжлэн асуух боломж олгоно.
132.8.Байнгын хорооны гишүүн нэр дэвшигчээс асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно. Хариулт хангалтгүй гэж үзвэл нэмэлт хугацаа олгох эсэхийг сонсгол даргалагч шийдвэрлэнэ.
132.9.Нэр дэвшигч Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.12, 4.1.15-д заасантай шууд болон шууд бусаар холбогдох асуултад хариулахгүй байх эрхтэй.
132.10.Асуулт, хариулт дууссаны дараа нэр дэвшигчтэй холбогдуулан сонсгол даргалагч, гишүүн, оролцогч үг хэлж болох бөгөөд дараах зарчмыг баримтална:
132.10.1.нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан, хангаагүй болон төвийг сахисан байр суурь бүхий оролцогчид байгаа бол тэдгээрийг тэнцвэртэй сонсох;
132.10.2.Байнгын хорооны бүрэлдэхүүн дэх олонх, цөөнхийн төлөөлөл ээлжлэн үг хэлэх.
132.11.Энэ хуулийн 132.10-т заасны дагуу үг хэлэх хугацаа 5 хүртэл минут байх бөгөөд шаардлагатай бол хуралдаан даргалагч 5 хүртэл минутаар сунгаж болно.
132.12.Үг хэлэх, асуулт асуухдаа бусдыг ялгаварлан гадуурхах, доромжлох, яриаг нь таслах, сонсгол даргалагчийн зөвшөөрөлгүйгээр үг хэлэх, хүч хэрэглэх зэрэг зохисгүй үйлдэл гаргасан, эсхүл даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзсан бол даргалагч дэг сахихыг шаардах, шаардлагыг үл биелүүлбэл оролцогчийг танхимаас гаргах хүртэл арга хэмжээ авна.
132.13.Тухайн албан тушаалд хоёр, эсхүл түүнээс дээш тооны хүн нэр дэвшиж байгаа бол нэр дэвшигчдийг сонсголын танхимд нэг нэгээр нь оруулна.
132.14.Нэр дэвшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд оролцоогүй бол тухайн албан тушаалд томилохоос татгалзах үндэслэл болно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар сонсголд оролцоогүй бол сонсголыг энэ хуульд заасны дагуу дахин зарлаж зохион байгуулна.
132.15.Нэр дэвшигчийн сонсголын хугацаа 3 хүртэл хоног үргэлжилж болно.
132.16.Хуульд өөрөөр заагаагүй бол нэр дэвшигчийн сонсголыг нээлттэй явуулна. Хэрэв нэр дэвшигчээс үндэслэл бүхий хүсэлт гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд сонсголыг хаалттай явуулж болно.
132.17.Сонсголыг хэвлэл мэдээллийн болон нийгмийн сүлжээний хэрэгслээр бүрэн хэмжээгээр нийтэд шууд дамжуулна.