17 дугаар зүйл. Цахим хуралдааны дэг

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Цахим хуралдааны дэг

17.1.Онц байдал, дайн бүхий болон дайны байдал зарласан, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан гамшгийн онцгой нөхцөл байдалд Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн, энэ хуульд заасан зарчмыг баримтлан асуудлыг цахим хуралдааны дэгээр хэлэлцэж болно.

17.2.Чуулганы хуралдаан /цаашид "хуралдаан" гэх/-ыг энэ хуулийн 17.1-д заасны дагуу зохион байгуулах тохиолдолд хуралдааны цахим систем ашиглах бөгөөд Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсгийн гишүүд байршлаасаа үл хамааран дүрсээ харан нэгэн зэрэг сонсох болон ярих, санал өгөх боломжтой байна.

17.3.Хуралдааны зарыг албан ёсны цахим шуудан болон харилцаа холбооны хэрэгсэл ашиглан Улсын Их Хурлын гишүүн /цаашид "гишүүн" гэх/-д мэдэгдэнэ.

17.4.Гишүүн товлосон цагт цахим хуралдааны программын ирцэд бүртгүүлэн хуралдаанд оролцох үүрэгтэй. Гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол энэ хуулийн 15.1-д заасан хариуцлага хүлээлгэнэ.

17.5.Хэлэлцэх асуудлын материалыг ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө албан ёсны цахим шуудангаар илгээж, Улсын Их Хурлын цахим хуудсанд байршуулна.

17.6.Хуралдаанд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13.3-т заасан Зөвлөлийн гишүүд биечлэн хуралдааны танхимд, бусад гишүүн хуралдааны танхим, эсхүл албан өрөөнөөсөө, хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн бол хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тухайн байгаа газраасаа цахим хуралдааныг хэвийн явуулахад саад учруулахгүйгээр оролцоно.

17.7.Хуралдаанд тухайн хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газар /цаашид "Тамгын газар" гэх/-ын холбогдох ажилтан оролцож болно.

17.8.Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд цахим хуралдааны программд бүртгүүлсэн гишүүнийг хуралдаанд хүрэлцэн ирснээр тооцож, хуралдааны ирцэд бүртгэнэ.

17.9.Хуралдааны үед нам, эвслийн бүлэг тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан завсарлагын хугацааг тогтооно.

17.10.Гишүүн хуралдаанд үг хэлж, байр сууриа илэрхийлэх, тайлбар хийх, асуулт асуухдаа цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт бичвэр томьёоллоор мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр чанга яригч нээгдэхэд үг хэлж, асуулт асууна.

17.11.Цахим хуралдааны дэгээр хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар нэг удаа 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах бөгөөд үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байхаар тогтооно. Нам, эвслийн бүлэг, гишүүд шаардлагатай гэж үзвэл саналаа нэгтгэн асуулт асууж, саналаа илэрхийлж болно.

17.12.Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хуралдаан даргалагч санал хураалтын цагийг урьдчилан мэдэгдэнэ.

17.13.Санал хураалтыг цахим хэлбэрээр, эсхүл гар өргөж явуулна. Санал хураалтын дүнг хуралдаан даргалагч нэгтгэн танилцуулна.

17.14.Нууц санал хураалтыг тусгай нууцлал бүхий программ ашиглан явуулна.

17.15.Энэ хуулийн 17.1-д заасан нөхцөлд хаалттай хуралдаан явуулах дэгийг тусгайлан зохицуулна.

17.16.Хуралдааны дэг зөрчсөн болон цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй үг бичих, цахим хуралдааныг хэвийн явуулахад саад учруулсан үйлдэл гаргавал гишүүнд хуралдаан даргалагч сануулах, сануулга авсан гишүүн дахин зөрчил гаргавал түүний тухайн өдрийн хуралдааны туршид, эсхүл тухайн хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асуух, үг хэлэх эрхийг нь хасах, цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт бичих, үг хэлэх эрхийг нь 3 цаг хүртэл хугацаагаар хасаж, энэ тухайгаа мэдэгдэнэ.

17.17.Хуралдааны явцыг дуу, дүрсний бичлэгийн хэрэгсэл ашиглан энэ хуульд заасны дагуу Тамгын газраас баримтжуулна.

17.18.Энэ хуульд заасны дагуу ирц, санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүний саналаа илэрхийлсэн талаарх баримтыг тухайн асуудлыг хэлэлцсэн хувийн хэрэгт хавсаргана.

АНХДУГААР ЧУУЛГАН

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.