63 дугаар зүйл. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэлэлцэх
63.1.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг, анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг гэсэн гурван үе шаттайгаар хэлэлцэн батална.
63.2.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш ажлын 10 өдрийн дотор холбогдох Байнгын хороогоор хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийнэ.
63.3.Ерөнхий сайд Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг 20 минутад багтаан танилцуулна.
63.4.Байнгын хорооны хуралдаанд гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
63.5.Асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, Байнгын хороо санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулна. Санал, дүгнэлтэд төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан зарчим, шаардлагад нийцсэн эсэх талаар тусгана.
63.6.Нэгдсэн хуралдаанд Байнгын хороо санал, дүгнэлтээ танилцуулна. Нам, эвслийн бүлэг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг урьдчилан хэлэлцсэн бол санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулна.
63.7.Нэгдсэн хуралдаанд гишүүд хууль санаачлагчаас болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
63.8.Хуралдаан даргалагч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлнэ. Энэ талаар санал хураалт явуулахгүй.
63.9.Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хуралдаанаараа хэлэлцэх бөгөөд ийнхүү хэлэлцэхдээ хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэхийг нягталж, холбогдох Байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлнэ.
63.10.Нам, эвслийн бүлэг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн талаарх санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.
63.11.Холбогдох Байнгын хороо нь гишүүн, бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж, зарчмын зөрүүтэй саналуудыг олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн, нэгдсэн хуралдаанд оруулна.
63.12.Гишүүн Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад албан тушаалтнаас, түүнчлэн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
63.13.Нэгдсэн хуралдаан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг хэлэлцэн санал хураалт явуулна.
63.14.Хуралдаан даргалагч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ.
63.15.Холбогдох Байнгын хороо анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналуудыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд тусгаж эцсийн хэлэлцүүлгийг хийж, уг төслийг батлуулахаар нэгдсэн хуралдаанд оруулна.
63.16.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулна.
63.17.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална.
ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, УЛСЫН ХӨГЖЛИЙН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, МӨНГӨНИЙ БОДЛОГО, ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ТӨСӨВ ХЭЛЭЛЦЭХ ЖУРАМ