64 дугаар зүйл. Төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэх
64.1.Улсын Их Хурал төсвийн хүрээний мэдэгдлийг жил бүрийн 6 дугаар сарын 01-ний дотор дараах дөрвөн үе шаттайгаар хэлэлцэн батална: /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
64.1.1.нэг дэх хэлэлцүүлэгт төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх илтгэлийг Ерөнхий сайд, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг зөвлөлийн дарга тус тус нэгдсэн хуралдаанд танилцуулж, гишүүд илтгэл, дүгнэлттэй холбогдуулан Ерөнхий сайд, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаас асуулт асууж, үг хэлж болно. Төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод, бусад Байнгын хороонд шилжүүлнэ; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
64.1.2.хоёр дахь хэлэлцүүлгээр Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэж, гишүүд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, гаргасан саналынхаа үндэслэлийг тайлбарлаж үг хэлж болно. Байнгын хороод зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж, олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг санал, дүгнэлтийн хамт Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод хүргүүлнэ. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Байнгын хороодын санал нэг бүрийг хэлэлцэж, ил санал хураалт явуулж, олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулах; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
64.1.3.нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болно. Нэгдсэн хуралдаанаар энэ хуулийн 64.1.2-т заасан санал тус бүрээр ил санал хураалт явуулна; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
64.1.4.гурав дахь хэлэлцүүлгээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн танилцуулгын хамт нэгдсэн хуралдаанд оруулах; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
64.1.5.нэгдсэн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлгийг явуулахад хамтарсан хуралдааны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж болох бөгөөд санал хураалт явуулахгүй. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарсан санал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Төсвийн тусгай шаардлага хангагдаагүй нөхцөл үүссэн тохиолдолд тодорхой асуудлаар чиглэл өгч, хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод төслийг буцааж болно; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
64.1.6.нэгдсэн хуралдааны дөрөв дэх хэлэлцүүлгээр төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг эцэслэн батлах. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
64.2.Ерөнхий сайд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаар нэгдсэн хуралдаанд илтгэхдээ төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажилласан, гарсан үр дүнг хэрхэн тусгасан талаар танилцуулна. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
64.3.Олон нийтийн хэлэлцүүлгээс гарсан санал, түүнийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгасан байдалд Тамгын газар дүн шинжилгээ хийж, танилцуулгыг гишүүдэд тараана.
64.4.Төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэхтэй холбоотой энэ зүйлд заасан журмаар зохицуулаагүй бусад асуудалд энэ хуульд заасан хуулийн төсөл хэлэлцэх журмыг баримтална. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./