65 дугаар зүйл. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийн нэг дэх хэлэлцүүлэг явуулах
65.1.Улсын Их Хурал улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл /цаашид "жилийн төлөвлөгөөний төсөл" гэх/-ийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар улсын төсвийн төслийн хэлэлцүүлэгтэй уялдуулан хэлэлцэнэ.
65.2.Ерөнхий сайд, эсхүл түүний томилсон Засгийн газрын гишүүн Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд жилийн төлөвлөгөөний төслийг 10 минутад, төрийн аудитын дээд байгууллага, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ тус бүр 5 минутад багтаан танилцуулна. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
65.3.Байнгын хорооны хуралдаанаар жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, санал, дүгнэлт гарган, түүнийг нэгдсэн хуралдаанд илтгэх гишүүнийг томилно.
65.4.Нам, эвслийн бүлэг жилийн төлөвлөгөөний төслийн талаар санал, дүгнэлт гаргасан бол нэгдсэн хуралдаанд 5 минутад багтаан танилцуулна.
65.5.Гишүүн жилийн төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүний асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, тодруулах асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авч болно.
65.6.Улсын Их Хурал энэ зүйлд заасны дагуу жилийн төлөвлөгөөний төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж жилийн төлөвлөгөөний төсөл Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.10-т заасан шаардлага хангасан эсэх талаар санал хураалт явуулна.
65.7.Энэ хуулийн 65.6-д заасан санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол жилийн төлөвлөгөөний төслийг ажлын 3 өдрийн дотор хуульд нийцүүлэн өргөн мэдүүлэх чиглэл өгч Засгийн газарт буцаана.
65.8.Хуралдаан даргалагч жилийн төлөвлөгөөний төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ. Энэ талаар санал хураалт явуулахгүй.