71 дугаар зүйл. Төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг /Энэ зүйлийн гарчигт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

71 дугаар зүйл. Төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг /Энэ зүйлийн гарчигт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

71.1.Төсвийн болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд, нам, эвслийн бүлэг төсвийн төслийг хэлэлцэнэ.

71.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн төслийн танилцуулгыг энэ хуулийн 71.1-д заасан эрхлэх асуудлын хүрээг баримтлан Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанд танилцуулна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

71.3.Байнгын болон дэд хорооны хуралдаанд гишүүд Байнгын, дэд хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудитор болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, гаргасан саналынхаа үндэслэлийг тайлбарлаж үг хэлж болно.

71.4.Бусад Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийг хуульд заасан эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж болно.

71.5.Бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанд гишүүн, нам, эвслийн бүлэг, төрийн аудитын төв байгууллага саналаа зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт гаргана.

71.6.Бусад Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо энэ хуулийн 71.5-д заасан санал тус бүрээр санал хураалт явуулж олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг санал, дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.

71.7.Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанаар төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг явуулах үед гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага, нам, эвслийн бүлгийн гаргасан санал дараах шаардлагыг хангасан байна: /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

71.7.1.хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн байх;

71.7.2.Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын дүнг нэмэгдүүлээгүй байх;

71.7.3.Төсвийн тухай хуулийн[10] 6.2.6, 29.3, 29.4-т нийцсэн байх.

71.8.Нам, эвслийн бүлэг, гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардал нэмэгдүүлэх санал гаргасан бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулах, түүнчлэн татвар бууруулах санал гаргасан бол мөн хэмжээгээр зардал бууруулах саналыг хамтад нь гаргаж, нэг санал болгон санал хураалт явуулах бөгөөд саналуудыг багцлан хурааж болно. Санал хураалт явуулахын өмнө тухайн саналтай холбогдуулан Засгийн газрын тайлбарыг сонсож болно.

71.9.Төсвийн байнгын хороо энэ хуулийн 71.6-д заасан болон Төсвийн байнгын хорооны гишүүд, түүнчлэн төсөвтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага, нам, эвслийн бүлгээс гаргасан санал нэг бүрийг хэлэлцэж ил санал хураалт явуулж олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж нэгдсэн хуралдаанд оруулна. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

71.10.Төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийн шатанд гарсан төсвийн санал Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн зарчмыг баримтлахгүй байх нөхцөлийг үүсгэж болзошгүй гэж үзвэл Засгийн газар энэ талаар нэгдсэн хуралдаанд тайлбар хийж болно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

71.11.Нэгдсэн хуралдаанаар төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг явуулах үед Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага гаргасан саналаа тайлбарлан үг хэлж болно. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

71.12.Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 71.9-д заасан санал тус бүрээр ил санал хураалт явуулна.

71.13.Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн санал энэ хуулийн 71.7.2, 71.7.3-т заасан шаардлагыг хангасан эсэх талаар Тамгын газрын төсвийн хяналт, шинжилгээний асуудал хариуцсан нэгж дүн шинжилгээ хийж, дүгнэлтийг нэгжийн дарга нэгдсэн хуралдаанд танилцуулна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

71.14.Нэгдсэн хуралдаанаас төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзвэл Төсвийн байнгын хороонд чиглэл өгч буцааж болно. Чиглэл өгсөн тодорхой асуудлаас бусад асуудлыг хөндөхийг хориглоно. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.