74 дугаар зүйл. Төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэх
74.1.Засгийн газар Улсын төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийг нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан /цаашид "төсвийн гүйцэтгэл" гэх/-ийн хамт Төсвийн тухай хуулийн 8.10.3-т заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. /Энэ хэсэгт "Улсын төсвийн гүйцэтгэл" гэснийг "нэгдсэн төсвийн гүйцэтгэл гэж" 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
74.2.Төсвийн гүйцэтгэлийн талаарх танилцуулгад төсвийн орлого, зарлагыг эдийн засгийн ангиллаар, төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр гаргаж, баталсан төсвөөс зөрүүтэй бол түүний шалтгааныг тайлбарласан дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан байна.
74.3.Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхэд Ерөнхий сайд, төсвийн ерөнхийлөн захирагч нар, Монгол Улсын Ерөнхий аудитор байлцана. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
74.4.Төсвийн гүйцэтгэлийг дараах хоёр үе шаттайгаар хэлэлцэнэ:
74.4.1.нэг дэх хэлэлцүүлэгт төсвийн гүйцэтгэлийн талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний илтгэл, нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх төрийн аудитын дээд байгууллагын дүгнэлт, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар сонсох; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
74.4.2.хоёр дахь хэлэлцүүлгээр Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд, нам, эвслийн бүлэг төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхдээ төсвийн гүйцэтгэлийн талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний илтгэл, нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг сонсож, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төсвийн ерөнхийлөн захирагч нараас төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлантай холбоотой асуулт асууж, үг хэлж, санал, дүгнэлт гаргах; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
74.4.3.Байнгын хороод, нам, эвслийн бүлэг энэ хуулийн 74.4.2-т заасан санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд өгөх ба тус дэд хороо эдгээр санал, дүгнэлтийг хэлэлцэн нэгтгэн гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулна.
74.5.Нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлэг явуулах үед гишүүд энэ хуулийн 74.4.1-д заасан илтгэл болон аудитын дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн энэ хуулийн 74.3-т заасан албан тушаалтнаас асуулт асууж, үг хэлж болох бөгөөд үүний дараа төсвийн гүйцэтгэлийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлнэ.
74.6.Нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа улсын төсвийн орлого, зарлагын нийт дүнг тусгасан Улсын төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоол батална. /Энэ хэсгийн " улсын төсвийн орлого, зарлагын нийт дүнг тусгасан Улсын төсвийн гүйцэтгэл" гэснийг "нэгдсэн төсвийн орлого, зарлагын нийт дүнг тусгасан нэгдсэн төсвийн гүйцэтгэл" гэж 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
74.7.Шаардлагатай гэж үзвэл Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Улсын төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл боловсруулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно. /Энэ хэсгийн "Улсын" гэснийг "нэгдсэн" гэж 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ САНАЛ, ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ, ГАДААД ХАРИЛЦААТАЙ ХОЛБОГДОХ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭХ ЖУРАМ