75 дугаар зүйл. Хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах санал, гэрээний төслийг зөвшилцөх
75.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар Улсын Их Хурал соёрхон батлах хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах бол уг олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний эцэслэн тохиролцсон, эсхүл үзэглэсэн төсөл, эсхүл баталсан буюу жинхэлсэн эх бичвэрийн хуулбар, боломжтой бол баталгаат хуулбар, тэдгээрийн орчуулга, олон улсын гэрээнд нэгдэн орсноор Монгол Улсад үзүүлэх үр нөлөө, үр дагаврын талаарх дүн шинжилгээний хамт тухайн олон улсын гэрээнд гарын үсэг зурахаас өмнө Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлнэ.
75.2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэр, холбогдох баримт бичгийг хэлэлцэхээс 3 хоногийн өмнө гишүүдэд тараана.
75.3.Дараах олон улсын гэрээний тухайд олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг дараах байнгын хороо тус тусдаа урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ:
75.3.1.чөлөөт худалдаа, давхар татвар, хөрөнгө оруулалттай холбогдсон олон улсын гэрээний төслийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо;
75.3.2.Монгол Улсын хуульд зааснаас өөр журам тогтоож байгаа, эсхүл тухайн олон улсын гэрээг байгуулснаар, нэгдсэнээр, эсхүл хэрэгжүүлснээр Монгол Улсын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хууль шинээр батлах шаардлагатай олон улсын гэрээний төслийг Хууль зүйн байнгын хороо;
75.3.3.хүний салшгүй эрх, эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт этгээд болон ялтан шилжүүлэхтэй холбогдсон олон улсын гэрээний төслийг Хууль зүйн байнгын хороо.
75.4.Бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлж болно.
75.5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэр, холбогдох баримт бичиг, Төсвийн, Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороодын, эсхүл бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг нэгтгэн хэлэлцэнэ.
75.6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн танилцуулна.
75.7.Олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эх бичвэртэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
75.8.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийн талаар ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дараах санал, дүгнэлтийн аль нэгийг гаргана:
75.8.1.олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг бүхэлд нь зөвшөөрч, олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт олгох;
75.8.2.баталсан буюу жинхэлсэн олон талт гэрээний эх бичвэрээс бусад олон улсын гэрээний төсөлтэй холбогдуулан зарчмын шинжтэй тодорхой засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлэх;
75.8.3.олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг дэмжээгүй бол шалтгааныг тайлбарласан санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлэх.
75.9.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын санал, эсхүл олон улсын гэрээний агуулга, ач холбогдлыг харгалзан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гишүүдийн олонхын саналаар олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөхөөр шийдвэрлэж болно.
75.10.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар энэ хуулийн 75.8.2-т заасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийн дагуу олон улсын гэрээний төсөлд засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнг олон улсын гэрээний шинэчилсэн төслийн хамт Улсын Их Хуралд зөвшилцөхөөр дахин ирүүлнэ.
75.11.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар энэ хуулийн 75.8.3-т заасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан шалтгааныг арилгасан бол олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний шинэчилсэн төслийг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлж болно.
75.12.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нь Төсвийн, Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороодын санал, дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл энэ тухай санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
75.13.Энэ хуулийн 75.9, 75.12-т заасны дагуу хэлэлцүүлсэн олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонхын саналаар энэ хуулийн 75.8.1, 75.8.2, 75.8.3-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.