77 дугаар зүйл. Олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох санал, гэрээг урьдчилан зөвшилцөх, хэлэлцүүлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

77 дугаар зүйл. Олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох санал, гэрээг урьдчилан зөвшилцөх, хэлэлцүүлэх

77.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар Улсын Их Хурал соёрхон батлах хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээний эх бичвэрийн хуулбар, боломжтой бол баталгаат хуулбар, шаардлагатай бол түүний орчуулга, гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон улсын гэрээний тухайд тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хуралд зөвшилцөх, хэлэлцүүлэхээр ирүүлнэ.

77.2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ, хуулийн төсөл, холбогдох баримт бичгийг хэлэлцэхээс 3 хоногийн өмнө гишүүдэд тараана.

77.3.Чөлөөт худалдаа, давхар татвар, хөрөнгө оруулалттай холбогдсон олон улсын гэрээний тухайд олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод тус тусдаа урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ.

77.4.Дараах олон улсын гэрээний тухайд олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээг Хууль зүйн байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ:

77.4.1.Монгол Улсын хуульд зааснаас өөр журам тогтоож байгаа, эсхүл тухайн олон улсын гэрээг байгуулснаар, нэгдсэнээр, эсхүл хэрэгжүүлснээр Монгол Улсын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хууль шинээр батлах шаардлагатай олон улсын гэрээ;

77.4.2.хүний салшгүй эрх, эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт этгээд болон ялтан шилжүүлэхтэй холбогдсон олон улсын гэрээ.

77.5.Бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ болон хуулийн төслийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлж болно.

77.6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ болон хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төсөл, баримт бичиг, Төсвийн, Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороонд, эсхүл бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг нэгтгэн хэлэлцэнэ.

77.7.Байнгын хорооны хуралдаанд олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ болон хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн танилцуулна.

77.8.Олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ болон хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

77.9.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ болон хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төслийн талаар ил санал хураалт явуулж, гишүүдийн олонхын саналаар дараах санал, дүгнэлтийн аль нэгийг гаргана:

77.9.1.олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, тухайн олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт олгох;

77.9.2.гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон улсын гэрээний тухайд тухайн олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх;

77.9.3.олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээг дэмжээгүй бол шалтгааныг тайлбарласан санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлэх.

77.10.Энэ хуулийн 77.9.2-т заасан шийдвэр гаргахдаа тухайн олон улсын гэрээг соёрхон батлахдаа тайлбар хийхээр Засгийн газраас санал болгосон бол тайлбар хийх шаардлагатай эсэх талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг хамтад нь гаргана.

77.11.Энэ хуулийн 77.9.2-т заасан гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг холбогдох Байнгын хороо Засгийн газарт буцаахгүйгээр нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

77.12.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар энэ хуулийн 77.9.3-т заасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан шалтгааныг арилгасан бол олон улсын гэрээнд нэгдэн орох саналыг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлж болно.

77.13.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын, эсхүл Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл энэ тухай санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

77.14.Энэ хуулийн 77.9.2, 77.13-т заасны дагуу хэлэлцүүлэх олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээ болон хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

77.14.1.олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт олгох;

77.14.2.гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон улсын гэрээний тухайд тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хууль батлах;

77.14.3.гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох бусад хуулийн төсөл эрхлэх асуудалд нь хамаарах Байнгын хороонд шилжүүлэх.

77.15.Гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон улсын гэрээнээс бусад олон талт олон улсын гэрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурахаас өмнө энэ хуульд заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.