78 дугаар зүйл. Хоёр талт олон улсын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

78 дугаар зүйл. Хоёр талт олон улсын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх

78.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хоёр талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж дараах санал, дүгнэлтийн аль нэгийг гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна:

78.1.1.олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах;

78.1.2.олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах.

78.2.Бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг энэ хуулийн 78.1-д заасан олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн бол тус Байнгын хороо тэдгээрийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргахдаа харгалзан үзэж болно.

78.3.Нэгдсэн хуралдаан хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, Байнгын хорооноос оруулсан саналын томьёоллоор ил санал хураалт явуулж Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол соёрхон батлах тухай хууль эцэслэн баталсанд тооцно.

78.4.Улсын Их Хурлын нийт гишүүний олонх олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжээгүй бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоол баталсанд тооцно.

78.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.