79 дугаар зүйл. Олон талт олон улсын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

79 дугаар зүйл. Олон талт олон улсын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх

79.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас өргөн мэдүүлсэн олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж дараах санал, дүгнэлтийн аль нэгийг гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна:

79.1.1.олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах;

79.1.2.олон улсын гэрээг тайлбартайгаар соёрхон батлах;

79.1.3.олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх;

79.1.4.олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах.

79.2.Бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг энэ хуулийн 79.1-д заасан олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн бол тус Байнгын хороо тэдгээрийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргахдаа харгалзан үзэж болно.

79.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.

79.4.Энэ хуулийн 79.1.1-д заасан олон улсын гэрээний тухайд нэгдсэн хуралдаан хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, Байнгын хорооноос оруулсан саналын томьёоллоор ил санал хураалт явуулж, Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол соёрхон батлах тухай хууль эцэслэн баталсанд тооцно.

79.5.Энэ хуулийн 79.1.2-т заасны дагуу Байнгын хороо олон улсын гэрээг тайлбартайгаар батлах санал гаргасан бол уг тайлбар, мэдэгдлийн төслийг гэрээний хамт нэгдсэн хуралдаанд оруулж тусад нь санал хураалгаж батлуулна.

79.6.Энэ хуулийн 79.1.3-т заасны дагуу нэгдсэн хуралдаанаас хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн олон улсын гэрээ соёрхон батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох бусад хуулийн төсөл эрхлэх асуудалд нь хамаарах Байнгын хороонд шилжүүлж, энэ хуульд заасан хуулийн төсөл хэлэлцэх журмаар хамтад нь хэлэлцэнэ.

79.7. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжээгүй бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоол баталсанд тооцно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.