3 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын зорилго
3.1.Монгол Улсын Их Хурал /цаашид "Улсын Их Хурал" гэх/-ын хяналт шалгалтыг дараах зорилгоор хэрэгжүүлнэ:
3.1.1.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр /цаашид "хууль тогтоомж" гэх/-ийн биелэлтийг хангуулах;
3.1.2.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгааг хангах;
3.1.3.Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой байдал, харилцан уялдааг хангуулах;
3.1.4.төсөв боловсруулах, батлах, хэрэгжүүлэх шатанд хяналт тавих, төсвийн сахилга батыг хангуулах;
3.1.5.Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар энэ хуульд заасан арга хэрэгслээр тусгай шалгалт явуулж иргэний мэдэх эрхийг хангах;
3.1.6.хууль тогтоомжийн үр нөлөөг сайжруулах, боловсронгуй болгох.