4 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх зарчим
4.1.Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараах зарчмыг баримтална:
4.1.1.хараат бус, бодитой, иж бүрэн мэдээлэлд тулгуурлах;
4.1.2.ард түмний нийтлэг ашиг сонирхлыг дээдлэх;
4.1.3.ил тод байх.
4.2.Энэ хуулийн 4.1-д заасан Улсын Их Хурлын хяналт шалгалтын зарчмыг дараах утгаар ойлгоно:
4.2.1."хараат бус, бодитой, иж бүрэн мэдээлэлд тулгуурлах зарчим" гэж Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газар болон олон улсын байгууллагаас хараат бус мэдээллийн эх үүсвэрт тулгуурлаж, нягтлан үзсэний үндсэн дээр хууль ёсны, бодитой, иж бүрэн тооцоо, судалгаа, мэдээлэл, дүгнэлтийг үндэслэхийг;
4.2.2."ард түмний нийтлэг ашиг сонирхлыг дээдлэх зарчим" гэж ард түмний төлөөлөл болохын хувьд Улсын Их Хурал хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ зөвхөн ард түмний нийтлэг ашиг сонирхлыг дээдлэн хамгаалахыг;
4.2.3."ил тод байх зарчим" гэж хуулиар хязгаарласнаас бусад тохиолдолд Улсын Их Хурлын хяналт шалгалтын үйл явц, холбогдох мэдээлэл, үр дүнг олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй мэдээлэхийг.