30 дугаар зүйл. Нэр дэвшигчийн сонсгол
30.1.Эрх бүхий этгээдээс хуульд заасны дагуу санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлаас дараах нэр дэвшигчийн сонсгол явуулна:
30.1.1.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий аудитор, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний албан тушаалд томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосон нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсгол; /Энэ заалтын "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, " гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./
30.1.2.Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол явуулахаар хуульд тусгайлан заасан, эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол. /Энэ заалтын "...танилцах, зөвшилцөх,... танилцах, зөвшилцөх,..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр хүчингүй болгосон./
30.2.Нэр дэвшигчийн сонсгол нь баримт, мэдээлэлд үндэслэсэн, талуудын оролцоог тэнцвэртэй хангасан байх бөгөөд нэр дэвшигчийн хэрэгжүүлэхээр дэвшүүлж байгаа санал, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, мэдлэг, ур чадвар, ёс зүй, хуульд заасан бусад шаардлага хангасан эсэхийг нээлттэй хэлэлцэж, олон нийт нэр дэвшигчийн талаар мэдэх эрхийг хангахад чиглэнэ.Нэр дэвшигчийн хувь хүний нууцад хамаарах мэдээллийг хаалттай хэлэлцэнэ.
30.3.Нэр дэвшигчийн сонсголыг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан эрхлэх асуудлын хүрээнд холбогдох Байнгын хороо /цаашид "Байнгын хороо" гэх/ явуулна.
30.4.Нэр дэвшигчийн сонсгол явуулахад энэ хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг баримтална.
30.5.Байнгын хорооны гишүүн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн[9] 3.1.5-д заасны дагуу нэр дэвшигчтэй хамаарал бүхий этгээд бол энэ тухайгаа сонсгол эхлэхээс өмнө нийтэд мэдэгдэх үүрэгтэй.
30.6.Нэр дэвшигчийн дэлгэрэнгүй танилцуулга, томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл, тухайн албан тушаалд тавих хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлагын талаарх мэдээллийг авах маягтын загварыг Байнгын хороо батална.
30.7.Энэ хуулийн 30.6-д заасан загварт заасан мэдээллийг нэр дэвшигчээс өөрөөс нь гаргуулна.