32 дугаар зүйл. Хянан шалгах түр хороог байгуулах, татан буулгах

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Хянан шалгах түр хороог байгуулах, татан буулгах

32.1.Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан Улсын Их Хурлын тогтоолоор уг хороог байгуулна.

32.2.Энэ хуулийн 32.1-д заасан асуудлаар Улсын Их Хуралд тогтоолын төсөл өргөн мэдүүлэх бөгөөд уг тогтоолын төсөлд хянан шалгах түр хороо /цаашид энэ бүлэгт "түр хороо" гэх/-ны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаар, тухайн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах болсон үндэслэлийг тодорхой тусгана.

32.3.Тогтоолын төслийг энэ хуулийн 32.2-т заасны дагуу өргөн мэдүүлсэн бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан дэгийн дагуу чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр даруй хэлэлцэж, түр хороо байгуулах тогтоол батална.

32.4.Тогтоолын төслийг холбогдох Байнгын хороо хэлэлцэж түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаар Үндсэн хуульд харшилсан эсэх талаар санал, дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд оруулна.

32.5.Улсын Их Хурал тогтоолын төсөлд тусгасан түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг зөвхөн дараах үндэслэлээр өөрчилж болно:

32.5.1.Үндсэн хуульд харшилсан гэж холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт гарсан;

32.5.2.санаачлагч гишүүд санал нэгдэн зөвшөөрсөн.

32.6.Түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг өөрчлөхөөр бол энэ хуулийн 32.5-д заасан үндэслэлээр Улсын Их Хурлын тогтоолоор өөрчилнө.

32.7.Түр хороог зургаан сар хүртэл хугацаагаар байгуулна. Шаардлагатай бол мөн хугацаагаар нэг удаа сунгаж болно.

32.8.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28.5-д заасан үндэслэлээр түр хороог байгуулахгүй.

32.9.Түр хороо нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг энэ хуулийн 34.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх замаар хянан шалгаж, дүнг тогтоосон хугацаанд Улсын Их Хуралд тайлагнах үүрэгтэй.

32.10.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр Хянан шалгах түр хороог татан буугдсанд тооцно.

32.11.Түр хороо /цаашид энэ бүлэгт "түр хороо" гэх/-ны үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах Улсын Их Хурлын эрх хэмжээний хүрээнд байна. Түр хорооноос шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох, заавар өгөхийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.