33 дугаар зүйл. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүн

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүн

33.1.Түр хороо 7-15 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн үйл ажиллагаагаа явуулж байгаа нэгээс дээш түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллахгүй.

33.2.Түр хорооны бүрэлдэхүүнийг тогтоохдоо Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн төлөөллийг хувь тэнцүүлэх боловч түр хорооны бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй нь цөөнхийн төлөөлөл байх, Улсын Их Хурал дахь нам, эвсэл бүрийн төлөөллийг оролцуулах зарчмыг баримтална.

33.3.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн түр хорооны бүрэлдэхүүнд ажиллахгүй.

33.4.Гишүүн тусгай шалгалттай холбоотой асуудлаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуульд заасан ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол уг гишүүнийг түр хорооны бүрэлдэхүүнд оруулахыг хориглоно.

33.5.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.1, 10.2-т заасан олонх, 10.3-т заасан цөөнхийн төлөөлөл энэ хуулийн 33.2-т заасан зарчмын дагуу түр хорооны бүрэлдэхүүнд оруулах, тусгай шалгалттай холбоотой асуудлаар ашиг сонирхлын зөрчилгүй гишүүдийн нэрийг өөрөө тогтоож, холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ. Байнгын хороо ирүүлсэн нэрийг өөрчлөхгүйгээр хэлэлцэнэ.

33.6.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1-д заасныг үндэслэн түр хорооны бүрэлдэхүүнд орох гишүүний ашиг сонирхлын зөрчилгүй болохыг илэрхийлсэн мэдэгдлийг холбогдох Байнгын хорооны хуралдаанд уншиж сонсгоно.

33.7.Гишүүн түр хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.10-т заасны дагуу шийдвэрлүүлнэ.

33.8.Түр хорооны даргаар түр хороо байгуулах саналыг анх санаачилсан гишүүнийг томилж ажиллуулах бөгөөд уг гишүүн өөрөө татгалзсан тохиолдолд түр хороо байгуулах санал тавьсан бусад гишүүд дотроосоо түр хорооны даргаа олонхын саналаар сонгоно. Түр хороо байгуулах санал тавьсан гишүүд даргаа дотроосоо сонгох шаардлагагүй гэж үзвэл түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.