38 дугаар зүйл. Гэрчээр дуудах
38.1."Гэрч" гэж тусгай шалгах асуудал, үйл баримтыг нягтлан тодруулахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг хэлнэ.
38.2.Түр хороо гэрчийг дуудан ирүүлж, сонсголд биечлэн оролцуулж мэдүүлэг авна. Гэрч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сонсголд биечлэн оролцох боломжгүй бол түүний мэдүүлгийг бичгээр авахаар түр хороо шийдвэрлэж болно.
38.3.Гэрч түр хорооны дуудсанаар хүрэлцэн ирэх, үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
38.4.Түр хороо гэрчээр дуудах тухай мэдэгдэх хуудсыг гэрчид сонсгол эхлэхээс ажлын гурваас доошгүй өдрийн өмнө хүргүүлэх үүрэгтэй. Гэрчээр дуудах тухай мэдэгдэлд тусгай шалгалтын сэдэв, мэдүүлэг авах асуудал, сонсгол болох он, сар, өдөр, цаг, минут, газар, эрх зүйн туслалцаа авах болон бусад эрх, үүрэг, мэдүүлэг өгөөгүй буюу зайлсхийсний улмаас үүсэх үр дагаврын талаар тусгана.
38.5.Сонсголд гэрчээр оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний оршин суугаа газрын болон ажлын газрын хаягийн дагуу биечлэн хүргэх, биечлэн хүргэх боломжгүй бол утас, цахим хаяг, шуудангаар мэдэгдэж баримтжуулна.
38.6.Гэрчээр оролцогч зөвшөөрсөн бол мэдэгдэх хуудсыг бусад этгээдэд хүлээлгэн өгч болно.
38.7.Гэрч хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ талаар сонсгол болохоос ажлын нэгээс доошгүй өдрийн өмнө түр хороонд бичгээр заавал мэдэгдэх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг түүнд хавсаргана.
Тайлбар: Энэ хэсэгт заасан "хүндэтгэнүзэх шалтгаан"гэдэгт хорио цээрийн дэглэм тогтоогдсон, гамшиг тохиолдсон, албан томилолттой байгаа, эрүүл мэндийн шалтгаантай, мэдэгдэх хуудас хүргүүлэхээс өмнө гадаад улсад байгаа зэрэг хувь хүнээс өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлыг ойлгоно.
38.8.Гэрч дараах тохиолдолд мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй:
38.8.1.гэрчээс асуусан асуултад хариулах нь тухайн гэрчийг, эсхүл түүний гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийг гэмт хэрэгт буруутгаж болзошгүй нөхцөл үүссэн;
38.8.2.хуульд өөрөөр заагаагүй бол хуульч, өмгөөлөгч болон бусад этгээд нь мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад мэдэж нууцлалыг хадгалах үүрэг хүлээсэн үйл баримтын талаар.
38.9.Гэрч энэ хуулийн 38.8-д заасны дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзах үндэслэлээ тайлбарлах бөгөөд татгалзлыг хүлээн авах эсэхийг түр хороо шийдвэрлэнэ.
38.10.Гэрч мэдүүлэг өгөхтэй холбоотой зардлаа нотолсны үндсэн дээр улсын төсвөөс нөхөн төлүүлэх эрхтэй.
38.11.Гэрчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэх ажлыг Тамгын газар зохион байгуулах бөгөөд төрийн болон нутгийн захиргааны холбогдох байгууллага дэмжлэг үзүүлнэ.
38.12.Гэрчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцаандЗахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг жишиг болгоно.
38.13.Хяналт шалгалтын явцад гэрчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажиллагааг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу явуулна.