39 дугаар зүйл. Хянан шалгагчийг томилох
39.1.Түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хянан шалгагчийг томилж, ажлын даалгаврыг батална.
39.2.Хянан шалгагч сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тухайн асуудлаар ашиг сонирхлын зөрчилгүй, мэргэжлийн дүгнэлт гаргах чадвартай, гурваас доошгүй жил тухайн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан туршлагатай Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байна.
39.3.Хянан шалгагч энэ хуулийн 39.1-д заасан даалгаврын хүрээнд дараах ажиллагааг хараат бусаар явуулах бүрэн эрхтэй:
39.3.1.шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэх;
39.3.2.нотлох баримт гаргаж өгөхийг шаардах;
39.3.3.тухайн асуудалд холбогдох этгээдээс тайлбар авах;
39.3.4.нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, тэмдэглэл үйлдэх;
39.3.5.сонсголд оролцох гэрчийн нэрсийг шинжээчтэй хамтран гаргаж, сонсгол болохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө түр хороонд танилцуулж, шийдвэрлүүлэх;
39.3.6.баримт бичигт дүн шинжилгээ хийх, тайлан гаргах.
39.4.Хяналт шалгалтын явцад нотлох баримт гаргуулах шаардлагатай гэж үзвэл хянан шалгагч энэ хуулийн 37.1-д заасны дагуу тогтоол гаргуулах саналаа түр хороонд оруулна.
39.5.Хянан шалгагч түр хорооны өмнө ажлаа хариуцах бөгөөд олон нийтэд зориулсан мэдээлэл хийхгүй.
39.6.Хянан шалгагч тусгай шалгалтын дүнд үндэслэн тайланг бичгээр гаргаж, сонсголд амаар танилцуулах бөгөөд уг тайлантай танилцах боломжийг түр хорооны гишүүн бүрд олгоно. Түр хорооноос авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг тайланд тусгаж болно.
39.7.Хянан шалгагч энэ хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн бол түр хорооны нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар түүнийг огцруулна.
39.8.Хянан шалгагч тусгай шалгалттай холбоотой асуудлаар ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг түр хороонд гаргах бөгөөд түр хорооны хуралдаанд уншиж сонсгоно.
39.9.Хянан шалгагч Төрийн болон албаны нууцын тухай хуулийн[12] 23.1-д заасан журмын дагуу төрийн болон албаны нууцтай танилцах эрхийн зөвшөөрөл авч, баримт мэдээлэл, нууц задруулахгүй байх баталгааг гаргана.
39.10.Шинжээч, хянан шалгагчийг сонгож авах, шинжээч, хянан шалгагчаар томилогдсон тохиолдолд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийн маягт, түүнийг бүртгэх, хянан шалгах, хадгалах, сонгох журмыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо батална.