10 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
10.1.Монгол Улсын Засгийн газар шинжлэх ухаан, технологийн чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1.шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах;
10.1.2.шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлон батлах;
10.1.3.шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх жилийн нарийвчилсан төлөвлөгөөг батлах;
10.1.4.үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээг тооцож, улсын төсөвт тусгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
10.1.5.төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах;
10.1.6.шинжлэх ухаан, технологийн салбарт мөрдөх дараах дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах:
10.1.6.а.төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн чиглэлийг санхүүжүүлэх журам;
10.1.6.б.шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох журам;
10.1.6.в.шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн нэгдлийн үлгэрчилсэн дүрэм;
10.1.6.г.эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам;
10.1.6.д.төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг өмчлүүлэх, ашиглуулах журам;
10.1.6.е.шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох, шагналын хэмжээг тогтоох журам;
10.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.