11 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний хороо
11.1.Засгийн газар шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтэд үнэлэлт өгөх, салбар дундын болон салбар дамнасан шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, төсвийг үр ашигтай зарцуулах асуудлаар санал, зөвлөмж, тогтоол гаргах чиг үүрэг бүхий Шинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний хороо /цаашид "Үндэсний хороо" гэх/-г Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллуулна.
11.2.Үндэсний хороо дараах асуудлыг хэлэлцэн санал, зөвлөмж, тогтоол гаргана:
11.2.1.Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын чиг хандлагыг тодорхойлох;
11.2.2.шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, тэргүүлэх чиглэл, жилийн нарийвчилсан төлөвлөгөөний төлөвлөлт, хэрэгжилт, үр дүнг үнэлэх;
11.2.3.шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэх;
11.2.4.үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийн үр дүнг үнэлэх;
11.2.5.төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэнг үнэлэх, дэмжих, хөгжүүлэх;
11.2.6.төрийн бус байгууллага, хувийн хэвшлээс хэрэгжүүлж байгаа төслийн шинжлэх ухаан, технологийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг үнэлэх;
11.2.7.яам, аймаг, нийслэлийн шинжлэх ухаан, технологи, инновацын салбар болон дэд зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;
11.2.8.хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндэсний хорооны даргаас оруулсан бусад асуудал.
11.3.Үндэсний хороо нь 19 гишүүнтэй байх бөгөөд Үндэсний хорооны дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд байна.
11.4.Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, ажиллах журмыг Засгийн газар батална.
11.5.Үндэсний хороо нь Засгийн газар, аймаг, нийслэлийн шинжлэх ухаан, технологийн дэд зөвлөл, Шинжлэх ухааны Академи, их сургууль, төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоо, бизнесийн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.
11.6.Үндэсний хороо орон тооны ажлын албатай байх бөгөөд ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг Үндэсний хорооны дүрмээр зохицуулна.
11.7.Үндэсний хороо орон тооны нарийн бичгийн даргатай байх бөгөөд нарийн бичгийн дарга нь ажлын албаны дарга байна.