18 дугаар зүйл. Эрдэм шинжилгээний байгууллага

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Эрдэм шинжилгээний байгууллага

18.1.Эрдэм шинжилгээний байгууллагыг төрийн, хувийн, хамтарсан өмчийн хэлбэрээр байгуулж болно.

18.2.Эрдэм шинжилгээний байгууллагад дараах байгууллага хамаарна:

18.2.1.энэ хуулийн 3.1.3-т заасан шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа эрхэлдэг хүрээлэн, төв, лаборатори;

18.2.2.Дээд боловсролын тухай хуулийн 22.4-т заасан эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын байгуул­лага;

18.2.3.шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл;

18.2.4.төрийн болон орон нутгийн музей.

18.3.Энэ хуулийн 18.2.1-д заасан байгууллага нь үндсэн үйл ажиллагааныхаа чиглэлээр мэргэжлийн зэрэг ахиулах түр сургалт, ахисан түвшний сургалт явуулах, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг нийтэд мэдээлэх, сурталчлах, эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргах эрхтэй.

18.4.Эрдэм шинжилгээний байгууллага өөрийн эрхэлсэн салбарын эрдэмтэн, мэргэжилтнийг оролцуулан судалгаа, шинжилгээний ажлын чиглэлээ тогтоох, хэрэгжүүлж байгаа судалгаа хөгжүүлэлтийн ажлын явц, үр дүнг хэлэлцэн, тэдгээрт үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий Эрдмийн зөвлөлийг байгуулан ажиллуулна.

18.5.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол эрдэм шинжилгээний байгууллага зохион байгуулалтын бүтцээ шууд удирдах дээд байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтооно.

18.6.Энэ хуулийн 18.2.2-т заасан эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах дээд боловсролын байгууллагыг үнэлэх шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

18.7.Энэ хуулийн 18.2.2-т заасан байгууллага бүтэцдээ эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, лаборатори, зохион бүтээх товчоо, туршилт судалгааны бааз байгуулан ажиллуулах эрхтэй.

18.8.Энэ хуулийн 18.2.3-т заасан байгууллага шинжлэх ухаан, технологийн болон аж ахуйн үйл ажиллагааг хослон явуулах эрхтэй.

18.9.Энэ хуулийн 18.2.3-т заасан байгууллагын үйл ажиллагааг хэд хэдэн хуулийн этгээд гэрээний үндсэн дээр, эсхүл Иргэний хуулийн 25.4-т заасны дагуу хуулийн этгээдийн нэгдлийн хэлбэрээр эрхлэн гүйцэтгэж болох бөгөөд удирдлага, зохион байгуулалт, оролцогчдын эрх, үүргийг үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно.

18.10.Энэ хуулийн 18.2.3-т заасан байгууллагын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар, үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

18.11.Энэ хуулийн 18.2.3-т заасан байгууллагын үлгэрчилсэн дүрмийг Засгийн газар батлах бөгөөд удирдлагыг нь Удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.

18.12.Энэ хуулийн 18.2.4-т заасан байгууллага өөрийн үйл ажиллагааны чиглэлд хамаарах судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дангаараа буюу эрдэм шинжилгээний бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд тэдгээрийг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний үзүүлэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

18.13.Эрдэм шинжилгээний байгууллага өөрийн нэр, албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг, харилцах данстай байх ба бэлгэ тэмдэг хэрэглэж болно.

18.14.Эрдэм шинжилгээний байгууллага зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон туршилт явуулах бусад нөхцөлөөр хангагдсан байх бөгөөд ийнхүү хангах үүргийг үүсгэн байгуулагч хүлээнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.