19 дугаар зүйл. Эрдэм шинжилгээний байгууллагыг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах
19.1.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол дараах этгээд эрдэм шинжилгээний байгууллагыг үүсгэн байгуулах эрхтэй:
19.1.1.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой эрдэм шинжилгээний байгууллагыг Засгийн газар;
19.1.2.төрийн бус өмчийн эрдэм шинжилгээний байгууллагыг холбогдох хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагч.
19.2.Эрдэм шинжилгээний байгууллагыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэнэ.
19.3.Энэ хуулийн 19.2-т заасан эрдэм шинжилгээний байгууллагад тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж мөрдүүлнэ.
19.4.Эрдэм шинжилгээний байгууллагыг өөрчлөн байгуулах /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ асуудлыг үүсгэн байгуулагч шийдвэрлэнэ.
19.5.Эрдэм шинжилгээний байгууллагыг Иргэний хуулийн 32.1-д заасан үндэслэлээр татан буулгана.
19.6.Энэ хуулийн 18.2.1-д заасан байгууллагад төрийн өмчийн төлөөлөл ажиллуулах, төрийн өмчийн эзэмшил, ашиглалт, зарцуулалтад хяналт тавихтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна.