20 дугаар зүйл. Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтны нийтлэг эрх, үүрэг

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтны нийтлэг эрх, үүрэг

20.1.Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтан дараах эрх эдэлнэ:

20.1.1.шинжлэх ухаан, технологи болон үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад оролцох;

20.1.2.хууль тогтоомжоор нууцад хамааруулснаас бусад мэдээллийг чөлөөтэй олж авах;

20.1.3.хууль тогтоомжоор төрийн болон байгууллагын нууцад хамааруулснаас бусад эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлынхаа үр дүнг олон нийтэд мэдээлэх;

20.1.4.шинжлэх ухаан, технологийн чиглэлээр гадаад улс, олон улсын байгууллагаас зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, чуулганд оролцох, судалгааныхаа ажлын үр дүнг мэдээлэх, харилцан мэдээлэл солилцох;

20.1.5.олон улсын болон дотоод, гадаадын шинжлэх ухааны байгууллага, нийгэмлэг, холбоонд гишүүнээр элсэх, тэдгээрийн удирдлагад сонгогдох;

20.1.6.эрдэм шинжилгээний үйл ажиллагаа эрхлэх нөхцөл боломжоор хангагдах;

20.1.7.эрдэм шинжилгээний ажил болон бүтээлээ бодитойгоор үнэлүүлж, шагнал, урамшуулал хүртэх, хуульд заасан хөнгөлөлт эдлэх;

20.1.8.судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг харилцан солилцох, хэвлэн нийтлэх;

20.1.9.эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар зохион байгуулах, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл өгөх.

20.2.Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтан дараах үүрэг хүлээнэ:

20.2.1.шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны зарчим, эрдэм шинжилгээний ажилтны ёс зүй, нэр төрийг эрхэмлэн ажиллах;

20.2.2.шинжлэх ухаан, технологийн төсөл, туршилт, судалгааны грантыг бодитой хэрэгжүүлэх;

20.2.3.улсын санхүүжилтээр хийгдсэн судалгаа хөгжүүлэлтийн ажлын тайланг уг ажлыг дууссанаас хойш 60 хоногт багтаан захиалагч, санхүүжүүлэгч талд хүргүүлж хадгалуулах;

20.2.4.эрдэм шинжилгээний ажлын явц, гүйцэтгэл, түүнчлэн санхүүжилтийн зориулалтаар олгосон хөрөнгийн зарцуулалтын мэдээ, тайланг захиалагч, санхүүжүүлэгч байгууллагын шаардсанаар тухай бүр үнэн зөв гаргаж өгөх;

20.2.5.судалгаа хөгжүүлэлтийн ажлын явц, үр дүнд байгаль орчин, хүн, мал, амьтны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхээр байдал илэрвэл мэргэжлийн байгууллагад мэдэгдэж дүгнэлт гаргуулах, уг байдал тогтоогдвол ажлаа зогсоох, учирч болох сөрөг нөлөөлөл, хохирлын талаар захиалагч, санхүүжүүлэгч, холбогдох бусад байгууллагад мэдэгдэх;

20.2.6.шинжлэх ухаан, технологийн салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийн тухай мэдээллийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэх;

20.2.7.судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх.

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.