21 дугаар зүйл. Үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийг боловсруулах, батлах, дэмжлэг үзүүлэх
21.1.Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийг салбар зөвлөлтэй хамтран боловсруулж, саналаа шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
21.2.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийн саналыг хянан үзэж, Үндэсний хороогоор хэлэлцүүлсний дараа Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөлд тусгуулахаар эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
21.3.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийг төрөөс баримтлах бодлогын баримт бичигтэй уялдуулан хянаж, дараа жилийн Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөлд тусган шийдвэрлүүлнэ.
21.4.Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төсөлд шаардлагатай санхүүжилтийг тухайн жилийн улсын төсөвт тусган батална.
21.5.Үндэсний судалгаа, хөгжүүлэлтийн төсөлд төрөөс дараах дэмжлэг үзүүлнэ:
21.5.1.үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн санхүүжүүлэх;
21.5.2.үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийн үр дүнг олон нийтэд нээлттэй болгох, түгээх, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх.