3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурд­сан утгаар ойлгоно:

3.1.1."шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого" гэж шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг;

3.1.2."шинжлэх ухаан, технологийн зорилтот хөтөлбөр" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын баримт бичгийг;

3.1.3."шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа" гэж хүрээлэн байгаа орчин, эдийн засаг, нийгмийн болон бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх, шинжлэх ухаан, технологийн боловсрол олгох, шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ үзүүлэх цогц арга хэмжээг;

3.1.4."шинжлэх ухаан, технологийн төсөл" гэж судалгаа хөгжүүлэлтийн ажлыг онол, арга зүйн өндөр түвшинд явуулж, захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан үр дүнг бий болгох, түүнийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах үйл ажиллагааг төлөвлөсөн баримт бичгийг;

3.1.5."үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төсөл" гэж дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан, шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн чиглэлтэй нийцсэн зорилт, арга хэмжээг улс, бүс, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх улсын захиалгат төслийг;

3.1.6."судалгааны грант" гэж иргэн, хуулийн этгээд, гадаадын болон олон улсын байгууллага урьдчилсан нөхцөл, болзол тавьсны үндсэн дээр тодорхой судалгаа, шинжилгээний ажил явуулах зориулалтаар шинжлэх ухааны үйл ажиллагаанд оролцогчдод буцалтгүй олгож байгаа мөнгөн болон бусад хөрөнгийг;

3.1.7."судалгаа хөгжүүлэлтийн ажил" гэж шинэ болон нэмэлт мэдлэг, шинэ арга, аргачлал бий болгох, хэрэглэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг;

3.1.8."суурь судалгаа" гэж хүн, нийгмийн хөгжил, байгаль, ертөнцийн зүй тогтлын талаар шинэ мэдлэг бий болгоход чиглэсэн онолын болон туршилтын судалгааг;

3.1.9."хэрэглээний судалгаа" гэж суурь судалгааны ололт, үр дүнг тодорхой хэрэглээнд ашиглаж болох эсэхийг тодорхойлох, тодорхой зорилгод хүрэх арга замыг тогтооход чиглэсэн шинэ мэдлэгийг ашиглах судалгаа, туршилтын ажлыг;

3.1.10."технологийн туршилт зүгшрүүлэлтийн ажил" гэж Инновацын тухай хуулийн 3.1.9-д заасныг;

3.1.11."судалгааны үндсэн чиглэл" гэж эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэхээр шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан судалгаа хөгжүүлэлтийн сэдвийг;

3.1.12."судалгааны үндсэн чиглэлийн санхүүжилт" гэж судалгаа хөгжүүлэлтийн ажлын хэвийн үйл ажиллагааг хангахад зориулан төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагад улсын төсвөөс судалгааны үндсэн чиглэлийн хүрээнд тогтмол олгох хөрөнгийг;

3.1.13."инновац" гэж Инновацын тухай хуулийн 3.1.1-д заасныг;

3.1.14."инновацын үйл ажиллагаа" гэж Инновацын тухай хуулийн 3.1.3-т заасныг;

3.1.15."эрдэм шинжилгээний байгуул­лага" гэж судалгаа хөгжүүлэлтийн ажлыг дагнан, эсхүл сургалт, үйлдвэрлэлтэй хамт эрхэлдэг хуулийн этгээдийг;

3.1.16."шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага" гэж энэ хуулийн 3.1.3, 3.1.14-т заасан үйл ажиллагаа, үйлчилгээг эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг;

3.1.17."боловсролын байгууллага" гэж Боловсролын ерөнхий хуулийн 17.1-д заасан байгууллагыг;

3.1.18."эрдэм шинжилгээний ажилтан" гэж шинжлэх ухаан, технологийн тодорхой чиглэлээр судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэдэг мэргэшсэн судлаачийг;

3.1.19."судлаач" гэж эрдэм шинжилгээний байгууллага, их сургуульд шинжлэх ухаан, техно­ло­гийн тодорхой чиглэлээр судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх, түүний үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбоотой ажил эрхэлж байгаа мэргэшсэн хүнийг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.