11 дугаар зүйл. Судалгаа, хөгжүүлэлтийн дэмжлэг
11.1.Төрөөс соёлын бүтээлч үйлдвэрлэлийн судалгаа, хөгжүүлэлтэд дараах хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ:
11.1.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн судалгаа, хөгжүүлэлтийн төсөл, хөтөлбөрийг гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээнд хамруулах;
11.1.2.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн судалгаа, хөгжүүлэлтийн төсөл, хөтөлбөрт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлэх;
11.1.3.соёлын бүтээлч үйлдвэрлэлд нэвтрүүлэх, нутагшуулах стандартыг боловсруулан батлуулахад дэмжлэг үзүүлэх;
11.1.4.энэ хуулийн 10 дугаар зүйлд зааснаас бусад соёлын бүтээлч үйлдвэрлэлийн судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулах зардлын тодорхой хэсгийг, эсхүл зарцуулсан зардлын тодорхой хувийг нөхөн олгож санхүүжүүлэх;
11.1.5.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлого, статистик, инновац, оюуны өмчийн үнэлгээ, технологийн судалгаа, хөгжүүлэлтийн суурь болон хавсарга судалгааг гэрээний үндсэн дээр дээд боловсролын сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх.
11.2.Энэ хуулийн 10.1, 11.1-д заасан судалгаа, хөгжүүлэлтийн шалгуур тогтоох аргачлал, зарцуулсан зардлын тодорхой хувийг буцаан олгох болон судалгааны байгууллагын үйл ажиллагааны журмыг Засгийн газар батална.