12 дугаар зүйл. Оюуны өмчийн хамгаалалтын дэмжлэг

СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Оюуны өмчийн хамгаалалтын дэмжлэг

12.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

12.1.1.оюуны өмчийн эрхийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, эрхийн зөрчилгүй соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээг дэмжих чиглэлээр соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулах;

12.1.2.соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах, мэдээллээр хангах;

12.1.3.соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн оюуны өмчийг бүртгэх, хамгаалах, олон улсын эрхийн хамгаалалтын хүсэлт гаргахад дэмжлэг үзүүлэх;

12.1.4.соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг хууль бусаар хуулбарлах, түгээхээс урьдчилан сэргийлэх;

12.1.5.оюуны өмчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой санал боловсруулж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх, дэмжлэг үзүүлэх;

12.1.6.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үр дүнд бий болсон оюуны өмчид үнэлгээ хийх, зах зээлд сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татах.

12.2.Төсвийн санхүүжилтээр бий болсон оюуны өмчийг холбогдох журмын дагуу төрийн болон орон нутгийн өмчид бүртгэх бөгөөд уг бүтээлийг ашиглах онцгой эрхийг соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлттэй нөхцөлөөр бүрэн болон хэсэгчлэн ашиглуулж, ил тод мэдээлнэ.

12.3.Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах систем, дэд бүтэцтэй байна. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас соёлын бүтээгдэхүүний төрөл, уялдааг харгалзан дэд бүтэц, системийг нэвтрүүлнэ.

12.4.Энэ хуулийн 12.2, 12.3-т заасан тодорхой нөхцөл, системийн мэдээллийг бүрдүүлэх этгээдэд тавих шалгуур, дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.

12.5.Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах этгээд нь хамтын удирдлагын байгууллага, эсхүл эрх эзэмшигчтэй бүтээл ашиглах гэрээ байгуулж, энэ хуулийн 12.3-т заасан систем, дэд бүтцэд холбогдсон байна.

12.6.Энэ хуулийн 12.3-т заасан систем хөгжүүлэлтийг гүйцэтгэх этгээдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шалгаруулна.

12.7.Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах системийн мэдээллийг бүрдүүлэх, хэрэглэх чиг үүргийг хамтын удирдлагын байгууллага, эсхүл энэ хуулийн 7.4-т заасан үндсэн чиглэл тус бүрийн мэргэжлийн нэгдсэн холбоо гүйцэтгэж болно. Холбогдох этгээдийг энэ хуулийн 12.4-т заасан шалгуурын дагуу сонгох, санхүүжүүлэх, хяналт тавих чиг үүргийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

12.8.Энэ хуулийн 12.7-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллага нь Оюуны өмчийн тухай хуулийн 17.2-т заасан объектын төрөл тус бүрийн зохиогчийн эрх эзэмшигчийн олонхыг нэгтгэсэн байна.

12.9.Энэ хуулийн 12.7-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд гэрээ байгуулах, цуцлах арга хэмжээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.

12.10.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 12.3, 12.5, 12.7-д заасан чиг үүргийг бусад төрийн байгууллага, хуулийн этгээдэд шилжүүлэн гүйцэтгүүлж болно.

12.11.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллага нь хамтын удирдлагын байгууллагын энэ хуулийн 12.4-т зааснаас бусад үйл ажиллагаанд санхүүжилт олгож болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.