14 дугаар зүйл. Мэдээлэл солилцох, олон улсын зах зээлд нэвтрэхэд үзүүлэх дэмжлэг
14.1.Энэ хуулийн 7.4-т заасан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндсэн чиглэлийн хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийг олон улсын зах зээлд нэвтрэхэд соёлын болон холбогдох асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас дараах бодлогын болон санхүүгийн дэмжлэгийг үзүүлнэ:
14.1.1.маркетингийн сурталчилгааны үйл ажиллагааг дэмжих, олон улс, бүс нутгийн түвшинд маркетингийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, продюсертэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх;
14.1.2.олон улсын арга хэмжээ, худалдааны үзэсгэлэнд оролцуулах, олон улсын арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулах;
14.1.3.олон улсын зорилтот зах зээлийн судалгаа хийх, үндэсний соёлын агуулга бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай зөвлөх үйлчилгээ үзүүлэх.
14.2.Энэ хуулийн 14.1, 14.5-д заасан арга хэмжээний жагсаалт, дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.
14.3.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүртгэл, мэдээллийн сантай байна.
14.4.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүртгэл, мэдээллийн санг цахим хэлбэрт оруулах, мэдээллийн сан үүсгэх, мэдээллийн төрлийг тодорхойлох, ашиглах, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох, түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах журмыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цахим хөгжил, харилцаа холбооны болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
14.5.Төрөөс соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг түгээх платформ бий болгох, түгээлтийн олон улсын сүлжээнд холбогдох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тодорхой төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.
14.6.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн статистик мэдээллийг олон улсын аргачлалаар бүрдүүлэх, мэдээллийн сан үүсгэх, соёлын статистикийн тогтолцоог хөгжүүлнэ.
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА