10 дугаар зүйл. Худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, хориглох зүйл

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, хориглох зүйл

10.1.Худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид дараах шаардлага тавина:

10.1.1.эмийн сангийн зохистой дадлын стандартыг хангаж, өөрийн худалдсан бүтээгдэхүүний хадгалалттай холбоотой чанар, аюулгүй байдлыг хариуцах;

10.1.2.жороор олгох эмийг стандартын шаардлага хангасан жороор олгох.

10.2.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 8.5-д заасан эрүүл мэндийн байгууллага нь амбулаториор үйлчлэх эмийн сантай байж болох бөгөөд энэ тохиолдолд зөвхөн тухайн эрүүл мэндийн байгууллагын эмчийн бичсэн эмийн жороор үйлчилнэ.

10.3.Алслагдсан багт ажиллаж байгаа эмч үйлчлэх хүрээнийхээ хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэгцээтэй эмийг харьяа сумын эрүүл мэндийн төвийн эмийн сангаас авч иргэнд олгож болно.

10.4.Худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмээс бусад эмийг цахим жор болон захиалгын дагуу хүргэлтийн үйлчилгээ үзүүлж болох бөгөөд энэ тохиолдолд эмийн хадгалалт, түгээлтийн зохистой дадлын стандартыг ханган ажиллах үүрэгтэй.

10.5.Эм найруулах стандартын шаардлага хангасан өрөө бүхий эмийн санд эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн эмчийн бичсэн эмийн жорыг үндэслэн эмийн бүртгэлд бүртгэсэн эмийн үйлчлэгч бодис, чанарын шаардлага хангасан эмийн туслах бодисыг ашиглан эм зүйн технологийн дагуу эм найруулна.

10.6.Энэ хуулийн 10.5-д заасны дагуу найруулсан эмийн чанарыг эм зүйч шалгаж баталгаажуулсны дараа үйлчлүүлэгчид олгоно.

10.7.Худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүнээр үйлчилж болно.

10.8.Худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид дараах үйл ажиллагааг хориглоно:

10.8.1.бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдах;

10.8.2.эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэх байгууллагаас бусад эх үүсвэрээс авах;

10.8.3.эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээдийг эм найруулах, бэлтгэх, шалгах, худалдах үйл ажиллагаанд оролцуулах;

10.8.4.хуурамч эм, стандартын бус эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдах;

10.8.5.вакцин худалдах;

10.8.6.жороор олгох эмийг жоргүйгээр, эсхүл хүчингүй жороор олгох;

10.8.7.эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм худалдах;

10.8.8.үнэ төлбөргүй олгох болон хандив, тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдах;

10.8.9.нэгж тунгаар савласан эмийн нэр, тун, тоо хэмжээ, хүчинтэй хугацаа, хэрэглэх зааврыг агуулсан шошгогүй бүтээгдэхүүнийг худалдах;

10.8.10.энэ хуулийн 47.8-д заасны дагуу тогтоосон дээд хязгаараас илүү хувь хэмжээгээр нэмэгдүүлж эм, эмнэлгийн хэрэгслийг худалдах;

10.8.11.эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг үндэслэлгүйгээр нэмэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.