20 дугаар зүйл. Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн зохистой хэрэглээний зохицуулалт

МАЛ, АМЬТНЫ ЭМ, ТЭЖЭЭЛИЙН НЭМЭЛТИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн зохистой хэрэглээний зохицуулалт

20.1.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 28.1-д заасан байгууллага эмийн сэрэмжлүүлгийг өвчний зөв онош, эмийн зөв сонголт, тунгийн зөв сонголт, хэрэглээний зөв арга, цаг хугацааны зөв сонголт гэсэн зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ.

Тайлбар: "эмийн сэрэмжлүүлэг" гэж эмийн гаж нөлөөг илрүүлэх, үнэлэх, сэргийлэх үйл ажиллагааг ойлгоно.

20.2.Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч нь жоргүй олгох эмийг хэрэглэхдээ малын эмчээс зөвлөгөө, зааварчилгаа авна.

20.3.Мал, амьтныг өвчнөөс сэргийлэх, эмчлэх зориулалтаар хэрэглэх эмийг зааврын дагуу хэрэглэнэ.

20.4.Эмийг жороор олгох журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

20.5.Мал, амьтанд хэрэглэсэн эмийн гаж нөлөө болон бичил биетний тэсвэржилт, мал, амьтны биед үлдэц үүсгэдэг эмийн мэдээллийг мал эмнэлгийн тасаг бүртгэнэ.

20.6.Ханган нийлүүлэх байгууллага нь бичил биетний тэсвэржилт, мал, амьтны биед үлдэц үүсгэдэг эмийн орлого, зарлагын тайланг хагас жил тутамд мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

20.7.Эм, тэжээлийн нэмэлтийг хэрэглэх явцад малын эмч нь эмийн сонголт, аюулгүй хэрэглээ, гаж нөлөө, хэрэглэх зааврыг багтаасан сэрэмжлүүлгийг малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгчид тайлбарлана.

20.8.Эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэх сургалт, сурталчилгааг мал эмнэлгийн байгууллага харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулна.

20.9.Малын эмч нь мал, амьтны эмчилгээнд хэрэглэсэн эмийн нэр, огноо, хэрэглэсэн тун, хэмжээний талаарх мэдээллийг тухай бүр тэмдэглэж, баримтжуулна.

20.10.Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч нь бүртгэлд бүртгэгдээгүй эм худалдан авах, хэрэглэхийг хориглоно.

20.11.Мал, амьтны эрдэс бодисын дутлыг тодорхойлох тандан судалгааг энэ хуулийн 20.12-т заасан байгууллагын захиалгаар сургалт, эрдэм шинжилгээний байгууллага таван жил тутамд бүсчлэн хийнэ.

20.12.Энэ хуулийн 20.11-д заасан тандан судалгааг үндэслэн мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрдэс бодисын дутлыг нөхөх, хэрэглэх талаар зөвлөмж гаргана.

20.13.Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч нь энэ хуулийн 20.12-т заасан зөвлөмжийн дагуу шаардлагатай эрдэс бодисыг агуулсан эм, тэжээлийн нэмэлтийг хэрэглэнэ.

ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.