21 дугаар зүйл. Эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурт тавих хяналт шалгалт

МАЛ, АМЬТНЫ ЭМ, ТЭЖЭЭЛИЙН НЭМЭЛТИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурт тавих хяналт шалгалт

21.1.Эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын хяналт шалгалтыг аймаг, сум, нийслэл, дүүрэгт мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагч хэрэгжүүлнэ.

21.2.Энэ хуулийн 21.1-д заасан улсын байцаагч нь эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын талаар гарсан хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын биелэлтэд хяналт тавина.

21.3.Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

21.3.1.эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурыг үйлдвэрлэх, импортлох, худалдах үйл ажиллагааны талаар хүн, хуулийн этгээдээс гаргасан санал, хүсэлтийг хянаж, дүгнэлт гаргах;

21.3.2.эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын импортлох тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, малын эмч, эм зүйчийн мэргэжлийн итгэмжлэлийг түдгэлзүүлэх, цуцлах үндэслэл, дүгнэлтээ холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;

21.3.3.бүртгэлд бүртгэгдээгүй, сорилт, баталгаажуулалт хийгдээгүй, эсхүл олон улсын хэрэглээнээс хасагдсан эм, биобэлдмэл, ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийг зах зээлээс эгүүлэн татах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэх;

21.3.4.зөрчил гаргасан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд бүхэлд нь болон хэсэгчлэн зогсоох, давтан гаргасан бол үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэх;

21.3.5.жороор олгох эмийг дур мэдэн хэрэглэсэн бол тухайн хот айл, эрчимжсэн аж ахуйгаас мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх эрхийг гурван сараар хязгаарлах;

21.3.6.эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтээс дээж авах, чанарын шаардлага хангаагүй тохиолдолд эгүүлэн татах, устгах талаар дүгнэлт гаргах;

21.3.7.хангамжийн байгууллага стандартын шаардлага хангасан эсэхийг хянаж, дүгнэлт гаргах.

21.4.Эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын хангамжийн байгууллагын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас, эрсдэлийн шалгуурыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, БИОБЭЛДМЭЛ, АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН БЭЛДМЭЛ, ЭМИЙН ТҮҮХИЙ ЭД, ТЭЖЭЭЛИЙН НЭМЭЛТ, ОНОШЛУУРЫН ЗАР СУРТАЛЧИЛГАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.