7 дугаар зүйл. Эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийн чанарын баталгаажуулалт
7.1.Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т зааснаас гадна дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
7.1.1.эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийг үйлдвэрлэх, шалгах, хэрэглэхтэй холбоотой зөвлөмж гаргах;
7.1.2.мал эмнэлгийн хэрэгцээнд шинээр нэвтрүүлэх эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийг лабораторийн болон хээрийн нөхцөлд сорьж турших;
7.1.3.лабораторийн хяналт шалгалт, туршилт, шинжилгээний ажилд ашигладаг стандарт бодисууд болон мал, амьтны өвчний үүсгэгчийн шалгалтын омгуудыг зохих стандартын дагуу хадгалах, сэргээх, баталгаажуулах, шинэчлэх, шилжүүлэн авах, худалдан авах, нөөц бүрдүүлэх;
7.1.4.сорилт, баталгаажуулалтад хамрагдсан эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийн мэдээ, тайланг улирал тутам гаргаж дээд шатны байгууллагад мэдээлэх.
7.2.Эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийг шаардлагатай тохиолдолд олон улсын эрх бүхий лавлагаа лабораторид хүргүүлэн баталгаажуулна.