10 дугаар зүйл. Малчны хамтын санаачилга, хоршил, кластерын үйл ажиллагаа

МАЛЧНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Малчны хамтын санаачилга, хоршил, кластерын үйл ажиллагаа

10.1.Малчны хамтын санаачилга, хоршил нь дараах хэлбэртэй байна:

10.1.1.хот айл;

10.1.2.малчдын холбоо;

10.1.3.малчдын үүсгэн байгуулсан нөхөрлөл, хоршоо, компани.

10.2.Энэ хуулийн 10.1.1,10.1.2-т заасан малчны хамтын хоршлын хэлбэр нь Иргэний хуулийн 481.1, 481.2-т заасны дагуу сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдаж, үйл ажиллагааны чиглэл, хамтран ажиллах хэлбэрээ харилцан тохиролцож, зөвшилцсөн, тэдгээрийг дүрмээр баталгаажуулсан байна.

10.3.Энэ хуулийн 10.1.3-т заасан хамтын хоршлын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна.

10.4.Төрөөс малчны хамтын санаачилга, хоршлыг дараах байдлаар дэмжинэ:

10.4.1.хамтран ажиллаж хорших, төрөлжих эрх зүйн үндсийг бүрдүүлэх;

10.4.2.дэд бүтцийн хангамжийг сайжруулах;

10.4.3.мал, малын гаралтай түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлт, үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бүрдүүлэх, тэдгээрт малчны хувь нийлүүлсэн оролцоог дэмжих;

10.4.4.малчин өрхийн орлогыг бууруулахгүйгээр бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоог үе шаттай бууруулах, малыг борлуулах үр дүнтэй арга, туршлагыг дэлгэрүүлэх;

10.4.5.малчны санхүүгийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, малчны эдийн засгийн чадамжийг сайжруулахад чиглэсэнхөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, санхүүгийн хүртээмжтэй байдал, чадамжийг нэмэгдүүлэх;

10.4.6.малчин, хот айл, малчдын холбооны санал, санаачилгаар цас борооны ус тогтоох, усан сан, нуур, хөв, цөөрөм байгуулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах, малын өвс, тэжээл бэлтгэх, нөөцлөхөд чиглэсэн зээлийн бодлогыг хэрэгжүүлэх;

10.4.7.уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хамтын санаачилга, хоршлын үйл ажиллагаа, хөтөлбөрийг дэмжих;

10.4.8.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.