9 дугаар зүйл. Малчны бүтээмжийг дэмжих

МАЛЧНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Малчны бүтээмжийг дэмжих

9.1.Малчны хөдөлмөрийн бүтээмж, үр ашгийг тооцох арга зүйг бий болгож, үндэсний хэмжээнд нэвтрүүлнэ.

9.2.Малчны боловсрол, малын эрүүл мэнд, үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ, арчилгаа маллагаа, тэжээлийн хангамж, хашаа хороо, мал аж ахуйн үйл ажиллагааг хөнгөвчлөх шинэ арга, техник технологи зэргийг дэмжин хөгжүүлж малчны болон салбарын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлнэ.

9.3.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашиг, нөөц ашиглалтын түвшний өсөлт болон малчны хүлээх үүрэг, зохистой дадлын хэрэгжилтийг харгалзан улс, аймаг, сумын аварга малчин, тэргүүний малчны хоршоо, аймаг, сум шалгаруулах болзолд тусгаж, бүтээмжийг үнэлнэ.

9.4.Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоонд нэр төрөл, чанарын үнэлэмжээс хамаарсан урамшуулал олгох замаар малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

9.5.Сум, баг нь өөрийн онцлогт тохирсон цөм сүргийг бүрдүүлж, малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг явуулан, малын чанар, ашиг шимийн өсөлт, чанарыг тооцох системд шилжүүлнэ.

9.6.Халдварт өвчингүй, эрүүл мал сүрэгтэй малчин өрхийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 12.2-т заасны дагуу баталгаажуулна.

9.7.Мал, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын баталгаажуулалт, зах зээлийн ханшид суурилсан хөрөнгийн үнэлгээг бий болгож, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрүүлнэ.

9.8.Мал аж ахуйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, малчны өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, малчны идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн намрын эхэн сарын шинийн 8-ны өдөр нь "Малчныг сонсох өдөр" байна.

9.9.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сумын Засаг дарга хэрэгжүүлнэ.

9.10.Улсын аварга, хошой аварга малчин, саальчин, фермер шалгаруулах болон энэ хуулийн 9.4-т заасан малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.

МАЛЧНЫ ХАМТЫН САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.